С.Бямбацогт: Бид ялагдлаа бусдаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Бямбацогт. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
2012.11.26
Улстөр

С.Бямбацогт: Бид ялагдлаа бусдаас биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй ч МАН ялагдал хүлээсэн нь тодорхой болов. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос дараах зүйлийг тодрууллаа.

-МАН энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн нь тодорхой бол­лоо. Юунаас болж ялаг­далд хүрсэн гэж үзэж байна вэ?

-Манай намын явуулж байгаа бодлого, үйл ажил­лагаа ард иргэдэд тийм ч сайн хүрэхгүй байгаа юм байна. Түүнчлэн бид орон нутгийн сонгуульд ялалт байгуулах хэмжээний мө­рийн хөтөлбөр дэвшүүлэн, тэр хэмжээний итгэл, зүт­гэл гаргаж ажиллаагүй гэж харж байна. Гэхдээ энэ алдаагаа бусдаас хайгаад яах вэ. Өөрсдөөсөө эхэлж хайх хэрэгтэй.

-АН-аас мэдээлэл хийх­дээ Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шинэчлэл, өөрчлөлтөд иргэд сэтгэл хангалуун байгаа болохоор орон нутгийн сонгуульд олонх болсон хэмээн тайл­барлаж байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Тэгж тайлбарлаж болох ч нөгөө талаасаа шинэчлэлд иргэд сэтгэл дундуур байгаа нь ажиглагдсан. Учир нь, нийслэлийн 357 хэсгийн 186-д нь сонгогчдын ирц хү­рээгүй. Үүнийг бид орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан цаг хугацаатай холбоотой гэж үзэж байна.  

-УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт буюу Өвөрхангайн маргаан өнөөг хүртэл шийдэгдээгүй бай­гаа. Гэтэл СЕХ-ноос тус тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн хоёр хүнийг тан­гараг өргүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн байна?

-УИХ дахь МАН-ын ги­шүүд хараахан албан ёсоор хуралдаж, ярилцаагүй. Бид өмнө нь Өвөрхангайн тойр­гийн шүүхийн процесс дуу­саагүй байхад ард түмний сонголтоор ялсныг нь бус ялагдсан хоёрын тангаргийг өргүүлэх гээд байгаа нь зөв үү, буруу юу гэдэг асуудалд улстөрийн тэмцэл хийж байсан.

Гэтэл энэ асуудал ямар байдлаар, хэрхэн ший­дэгд­­сэн тухай өнөөдөр ард түмэн болон УИХ то­дор­хой мэдээлэлгүй бай­гаа нь харагдаж байна.

Тиймээс маргааны эцсийн шийдэл гараагүй болохоор өнөөдрийн /баасан/  чуул­ганы хурал­даанаар гишүүдийг танга­раг өргүүлэх асуудлыг хэ­лэлцсэнгүй.

-Тэгэхээр иргэдийн дунд У.Хүрэлсүх  гишүүний оронд УИХ-д орж ирэх Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэхтэй зэ­рэгцэн Өвөр­хангайн хоёрын тан­гаргийг өргүүлэх нь гэж хардаж байна. Үүнд та ямар тайл­бар өгөх вэ?

-Арай ч тэгэхгүй байх гэж бодож байна. Гэхдээ бид асуудалд хүлээцтэй, тайван ажиглаж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ