2025.02.28

ДАШИНЧИЛЭН СУМЫН ЛАХ БАГИЙН УЛСЫН АВАРГА МАЛЧИН ДАШЗЭВЭГИЙН ЛУВСАНДАГВА

Дашзэвэг овогтой Лувсандагва нь 1996 оноос МАА-н үйлдвэрлэлд гарч ажиллан мал маллах ухаанд суралцан өдгөөг хүртэл тасралтгүй 28 жил буянт мал сүргээ өсгөн үржүүлж зах зээлийн эргэлтэд оруулж малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн даацад нийцүүлэн маллаж байна. Үүний үр дүнд 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор 1012 толгой мал тоолуулж мянгат малчны алдрыг анх хүртсэн байна. 2014 оноос хойш өдийг хүртэл сүргийн зохистой харьцааг тогтмол барьж, мал сүргийнхээ тоо толгойг өсгөж, тасралтгүй 1000 гаран толгой мал тоолуулж гаргасан амжилтаа бататгасаар ирсэн. Сүүлийн 3 жилд 2285 төл хүлээн авч, гарсан төлөө 106-104,5%-иар өсгөн бойжуулсан.

Д.Лувсандагва нь адуугаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Монгол Улсын тод манлай уяач С.Төмөр-Очирын адууны угшилтай, үхрийг Сэлэнгэ үүлдрийн улаан халзан, хонио Баяд үүлдэр, ямаагаа Эрчим хар үүлдрээр угсааг сайжруулан.
Нийт мал сүргийн 27,7 хувь нь үржлийн цөм сүргээр сайжирсан. Д.Лувсандагва нь малынхаа ашиг шимийг бүрэн ашиглаж сүүлийн 3 жилд 5610,6 кг ноос, 576,4 кг ноолуур, 37900 л сүү, 57692 кг мах, амьдаар нь 788 толгой мал борлуулсныг зах зээлийн үнээр тооцвол нийт 587,758,800 төгрөгийн борлуулалт хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэн, мал аж ахуйнхаа материаллаг баазыг бэхжүүлж ажиллаж байна.
2014 онд “Мянгат малчин”, 2019 онд “Сумын сайн малчин”, 2019 онд Монголын Улаан загалмай нийгэмлэгийн “80 жилийн ой медаль”, 2021 онд “Аймгийн аварга малчин”, 2023 онд Хүнс, Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, 2024 онд МҮОНТ-ийн “Алтан төлийн эзэн” тус тус шагнагдсан.
Д.Лувсандагва нь “Бор булан” бүлгийнхээ хамтаар жил бүр 20-25 м эсгий, 30-50 алд сур, 80-120 л-ийн багтаамжтай 2 хөхүүр хийж, 85-97 тн өвс, 15-22 тн хужир шүү, 18-25 тн тэжээл бэлтгэж авахын зэрэгцээ, хувиараа 20 га-д ногоон тэжээл, овьёос, улаан буудай тариалж 85-110 тн ургац хураан авч мал сүргээ 20-30 хоног тэжээх тэжээлийн нөөцтэй болсны дээр газар тариаланг хөтлөн эрхэлж, шинэ цагийн мал маллагааны арга барилыг туршин үзэж, уламжлалт арга барилтай хослуулан ажиллаж байна. Мөн ховордсон ан амьтаныг хамгаалах зорилгоор жил бүр 300-400 боодол ногоон тэжээлийг аргаль, буганд тавьж өгөх ажлыг өөрийн санаачилгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус сумын “Өрхтий“ баруун талд худгийнхаа ойролцоо бэлчээрийг сайжруулж, 4 төрлийн 70 гаруй модыг тарьсан.
Эхнэр О.Эрдэнэтуяа нь үр хүүхдүүдээ ажил хөдөлмөрт сургаж, оёдол үйл хийх, сүү, цагаан идээ боловсруулахдаа гаргуун, хэрэгцээнийхээ хүнсний ногоо тариалдаг, нутаг усандаа ажил үйлс амьдрал ахуйгаараа үлгэр дууриал болж яваа ажилсаг тэргүүний малчин юм. Модон Могой жилийн сар шинийн босгон дээр төр, түмэндээ хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж "Улсын аварга малчин" өрхөөр шалгарсан залуу гэр бүлдээ аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Малчин түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.