2025.01.29
Л.Энх-Амгалан: Цагаан сараар бүх нийтээр амрах өдөрт өөрчлөлт орохгүй!
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Сар шинийн баяраар 10 хоногт амрах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тухайлбал:
- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Цагаан сар болон Улсын баяр наадмын амралтын өдрийн зохицуулалтад өөрчлөлт оруулах талаар санал танилцууллаа.
- Засгийн газраас санал гаргавал Хөдөлмөрийн тухай хууль болон Нийтээр тэмдэглэх баяр амралтын тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барина.
- Хуулийн төсөлд битүүний өдрийг мөн бүх нийтийн амралтын өдөр болгох, хэрэв бямба ням гарагт таарвал нөхөж амардаг болох зохицуулалтыг тусгана.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
Сар шинийн баярын 1, 2, 3 болон Үндэсний их баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр давхацсан тохиолдолд ажлын өдөр нөхөж амраадаг байх зохицуулалтыг танилцууллаа. ЗГ-ын тогтоол гараагүй байна. Засгийн газраас өвлийн улиралд, сурагчдын амралт болоод ханиад томууны үетэй хэрхэн уялдуулж бусад тэмдэглэлт баяр, амралтын өдрүүдийг зохицуулж болох талаар нэгтгэсэн тооцооллыг танилцуулах үүргийг өглөө. Хөдөлмөрийн тухай хууль болон, нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарах тул ирэх хаврын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэхээр байна. Хэрэв хуулийн төсөл батлагдвал Үндэсний их баяр наадмаар 8 хоног амрах зохицуулалт хийгдэнэ гэсэн үг.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан