
Тендерийн хуулийн ажлын хэсэг Дархан-Уул, Орхон аймагт ажиллалаа
УИХ-ын даргын 104 дүгээр захирамжаар байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ч.Урангоо нар /2025.02.24-02.25 / Дархан-Уул, Орхон аймагт ажиллалаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2003 онд батлагдсан хэдий ч дахин сайжруулах цаг үеийн шаардлага үүсэж, УИХ, Засгийн газрын түвшинд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, олон нийт, мэргэжлийн байгууллагуудын саналыг авах ажил үргэлжилж байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар уулзалтын эхэнд үг хэлэхдээ “ 126 гишүүнтэй шинэ парламент хүн төвтэй хуулиудыг батлах зорилт дэвшүүлсэн. Тиймээс хуулийн хэлэлцүүлгүүдийг чухалчилж, иргэдтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай биечлэн танилцаж, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсох хэлэлцүүлгийг зохион байгуулж ажиллана. Иргэд, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллавал УИХ-ын баталсан хуулиуд эргээд хэрэгжих үндэслэл зөв бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Ажлын хэсгийн гишүүд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон болон Орхон, Булган, Хөвсгөл зэрэг хойд бүсийн 3 аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэр Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул хуулийн төслийг танилцуулав.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэгдүгээрт чанартай худалдан авалт, хоёрдугаарт мега төслүүдийн худалдан авалт, гуравдугаарт худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, шийдвэр гаргах үйл явцыг хурдасгаж, үр ашгийг нэмэгдүүлэх гурван зорилтыг дэвшүүлжээ.
Шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын хувийн цахим дэлгүүрээс нэг тэрбум төгрөг хүртэлх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах асуудлыг тусгаад байгаа юм. Төрийн худалдан авалтад цахим дэлгүүрийг нэвтрүүлснээр олон тооны тендер шалгаруулж, цаг хугацаа алдаж, нэмэлт зардал гардаг байдал цэгцлэгдэж, зардал буурна гэж үзэж байна. Тухайлбал 2024 онд 4,4 их наядын төсөвт өртөгтэй 40,070 тендер шалгаруулалт зарлах шаардлагагүй болох байжээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид санал бодлоо идэвхтэй илэрхийлж нийт 50 гаруй санал, хүсэлтийг биеэр болон бичгээр ажлын хэсгийнхэнд хүргүүлсэн. Санал, хүсэлтийг тоймловол, 2023 оны шинэчилсэн найруулгаар шууд гэрээ байгуулдаг зохицуулалтыг байхгүй болгосныг сэргээх, үйлдвэрлэгчээс шууд худалдан авалт хийх эрхийг олгох, тухайн бүс нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид давуу эрхтэйгээр төрийн худалдан авалтад оролцдог байх, төрийн өмчийн компаниуд үйлдвэрлэх боломжтой техник хэрэгсэл, бүтээгдэхүүнийг нэгнээсээ худалдан авах боломжтой болох зэрэг саналууд давамгайлж байлаа.
Уулзалтын төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар үг хэлсэн.Тэрбээр төрийн худалдан авалтын тухай хуулийг бид хялбаршуулж тендерийн тухай хууль гэж нэрлэдэг. Хэдийгээр хуулийн шинэчилсэн найруулга 2023 онд батлагдсан ч эрх зүйн зохицуулалт дутуу байгаа учраас дахин шинэчилсэн найруулга яригдаж байна. Анх 2000 онд батлагдсан уг хуульд дунд нь олон удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тиймээс нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгуудын харьцуулсан судалгаануудыг хийж, 2023 оны хууль эрх зүйн зохицуулалтын ямар түвшинд байгааг тодорхойлсны үндсэн дээр шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих гэж байгааг онцолсон.Түүнчлэн хуулийн төсөлд оролцогчийн эрх ашгийг зөв, тэнцвэртэй хангах нь чухал байгааг дурдаж байлаа.
Ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, төрийн худалдан авалтын тухай хууль нь жижиг, дунд, үйлдвэрлэл хөгжүүлэхэд дэм үзүүлэх ёстой байтал зарим талаар оролцох эрхийг нь хаасан зохицуулалт байгаа нь учир дутагдалтай. Нөгөө талаас худалдан авагч бараа үйлчилгээгээ авахад хүндрэлтэй байгааг засах шаардлагатай. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрт тендерээс үүдэлтэйгээр үйлдвэрлэлийн процесс алдагдах, цаашлаад энэ нь орон нутаг, улсын төсөвт сөргөөр нөлөөлж байгаа олон жишээг оролцогчид ярьж байна. Тиймээс хууль өөрөө амьдралд нийцсэн байх ёстой. Бодит нөхцөл байдал, шаардлагад нийцэхгүй бол өөрчлөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Харин ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хэлэхдээ, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд төрийн худалдан авалтыг хийхдээ дотооддоо эдийн засгийн эргэлтээр нь дэмжих зайлшгүй шаардлагатай. Төрийн худалдан авалт импортын бараанд гадагшаа валют болоод гардаг биш дотоодын эдийн засгийн эргэлтийг дэмждэг байх ёстой. Тиймээс холбогдох хууль эрх зүйн зохицуулалтуудыг төрийн худалдан авах үйл ажиллагаатайгаа уяж, хуулийн уялдаа холбоог хангаж байж, төрийн бодлого нэгдсэн цогц байдлаар хэрэгжих боломж бүрдэнэ хэмээв.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг дараагийн хэлэлцүүлгийг говийн бүсийн хийхээр төлөвлөж байгаа юм байна