
2025.02.25
Д.Амарбаясгалан: Хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажлын хэсгүүд ажиллаж байна
2024 оны намрын чуулганаар Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг давхардсан тоогоор 90 гаруй удаа хуралдсан байна. Эдгээр ажлын хэсгүүд өнөөдөр эрх зүйн шийдэл нь хүлээгдэж байгаа болон цаг үеийн шаардлагад нийцүүлэн зохицуулалтыг зайлшгүй боловсронгуй болгох шаардлагатай асуудлаар байгуулагдан ажиллаж байна.
Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийг сайжруулах, хууль ба журмын зохист харьцааг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, эрчим хүчний салбарын эрх зүйн шинэтгэл хийх, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчих эрх зүйн орчныг бүрдүүлэх, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрүүдэн шүүхийн эсрэг арга хэмжээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мопед, скүүтерийн хэрэглээг нарийвчлан зохицуулах, электрон тамхины хэрэглээг зохицуулах, тамхины хяналтын хууль тогтоомжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээ, эм, хүнс, боловсролын зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг хөндөж байгаа юм.
Ирэх хаврын чуулганаар хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Ажлын хэсгүүдийн санал дүгнэлт, боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэх болно.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn