![Н.Батсүмбэрэл: Засгийн газрыг огцруулах ажилд оролцохгүй, дэмжиж ажиллана](http://byambatsogt.mn/media/news/original/2025/02/11/9bc0ec52713d0aa7355c9eefba07e83e.jpg)
Н.Батсүмбэрэл: Засгийн газрыг огцруулах ажилд оролцохгүй, дэмжиж ажиллана
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-126 гишүүнийн хайрцаглах, чиглэл өгөх гэсэн асуудал огт гараагүй-
-Сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентийн намрын чуулганыг хэрхэн дүгнэх вэ. 76 гишүүнтэй парламентаас мэдээж өөр байх. Гаднаас нь хардаг байсан бол дотор нь оролцогч субьект болж, хууль батлах үйл явцуудад оролцох хэр байв?
-УИХ 76 гишүүнтэй байж байгаад 126 болсны ялгаа асар их. Сонгуулийн тогтолцоогоо холимог болгосноор парламентад таван намын төлөөлөл орж ирсэн нь ихээхэн ач холбогдолтой. Олон ургалч байр сууриар асуудалд хандах, мэтгэлцээний хэлбэрээр явагдах, эсрэг тэсрэг санал гаргах гэхчлэн парламент зөв гольдрол руу явж байгаагийн нэг хэлбэр.
Намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүд ажил хэрэгч байдлаар асуудалд хандаж, ажиллаа. 2025 оны төсвийг алдагдалгүй баталж, нэлээн хэдэн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт орууллаа.
Намын жагсаалтаар орж ирсэн гишүүд салбар бүрийн төлөөлөл багтсан. Салбартаа тулгамдаж байгаа асуудлуудыг сайн мэддэг мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлснээрээ онцлогтой. Энэ утгаараа иргэд олон нийтийн хүлээлт өндөр байна.
-Засгийн газраас өргөн барьсан тодорхой хуулиудыг буцаах, төсвөө дахин хэлэлцэх үйл явц өрнөлөө. 126 гишүүн хайрцаглагдах боломжтой юм байна уу?
-Улстөрийн чанартай асуулт байна. 76 гишүүнтэй парламентад 20 гаруй хүн суугаад асуудлаа шийдчихдэг байсныг мартаагүй байх. 126 гишүүнтэй болсноор чуулганы хуралдааны ирц өндөртэй байлаа. Монгол Улс анх удаа алдагдалгүй төсөв баталсан. Хэн нэгнээс хамаарсан шийдвэр гаргахгүй гэдэг нь маш тодорхой харагдсан шүү дээ. Асуудалд хурцаар, соргогоор, ажил хэрэгчээр хандаж эхэлж байна.
-Олон улсын гэрээ, хэлэлцээрүүд үргэлжилж байна. Баялагийн сангийн хуулийн хэрэгжилтийн хүрээнд хэд хэдэн үйл явдал өрнөж байна. Ялангуяа Баялагийн сантай холбоотой асуудлаар намын бүлгээс ч юм уу “Нэгдсэн байр суурьтайгаар ингэж дуугар” гэдэг ч юм уу хайрцаглах, байр сууриа илэрхийлэх боломжоор хэр хангаж өгсөн бэ?
-Бусад намын асуудлыг сайн мэдэхгүй юм. МАН-ын тухайд гэвэл ихэнх асуудалд УИХ-ын гишүүд нь өөрсдийнхөө байр сууриар хандлаа. Гишүүдээ хайрцаглах, чиглэл өгөх гэсэн асуудал огт гараагүй.
Намрын чуулганаар томоохон гэрээ хэлцлүүд орж ирлээ. Ураны салбарт дэлхийн тоглогч болж байна. Илэрсэн нөөцөөрөө дэлхийн хоёр хувийг бүрдүүлж байна. Амаргүй цаг үед зоригтой өргөн барьж, УИХ-аар шийдвэрлүүллээ. Гишүүд маш нээлттэй хандсан.
Дараагийнх нь “Чайна Энержи”-тэй хийх гэрээний асуудал. Зөвхөн нүүрсний асуудал гэж ойлгоод байх шиг байна. Өргөн, нарийн царигийг хэрхэн холбох тухай, Тавантолгой бүлэг ордоос нүүрс олборлох тухай, нүүрсээ худалдах тухай гурван цогц асуудал яригдана.
Энэ сарын 14-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэрээнд гарын үсэг зурна. Дараа нь соёрхон батлах үйл явц өрнөнө. Энэ бол түүхэн шийдвэр. Ийм том алхам хийхэд мэдээж эрх ашгууд хөндөгдөж байгааг үгүйсгэхгүй.
-Та хувьдаа компанитай, бизнестэй билүү?
-Байхгүй.
-Баялагийн сангийн хуулийн хэрэгжилтийн хүрээнд Засгийн газар саяхан төрийн мөнгөөр хайгуул хийсэн уул уурхай, ордуудын 34 хувийг төрд шилжүүлэн авах тухай тогтоол.Нэг талаас хувийн хэвшлээс шууд авах нь дээрэм юм. Нөгөө талаас газрын хэвлийн баялаг бол бүх ард түмний өмч юм.УИХ-ын гишүүний хувиар Баялагийн сангийн хуваарилалтад ямар байр суурьтай байна вэ?
-“Төрийн санхүүжилтээр хайгуул хийсэн уурхай, ордуудын 34 хувийг төр мэдэлд авъя” гэдэг тогтоолыг та ярьж байна. Энэ бол үндэсний эрх ашиг, баялагтаа эзэн байх бодлогод яв цав нийцэж байгаа. Төр зардлаа гаргаад хайгуул хийчихсэн ордуудад хувийн хэвшил эзэн суучихсан жишээ олон бий. Гадаадад төр тодорхой хувийг нь эзэмшдэг жишиг бий.34 хувийг нь төр эзэмших замаар Үндэсний баялагийн сандаа хуримтлуулах, иргэддээ хүртээх бодлогыг Засгийн газар гаргаж, УИХ дэмжсэн. Үүнийг дээрэм биш зөв бодлого гэж үзэж байна. Мэдээж олон эрх ашгуудыг хөндөж таарах байх л даа.
-Засгийн газрыг огцруулах ажилд оролцохгүй, дэмжиж ажиллана-
-Энэ асуудалтай зэрэгцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал хөндөгдөж эхлээд байгаа. МАН-ын гишүүд дэмжинэ, дэмжихгүй гэдгээ илэрхийлцгээж байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-1992 онд Монгол Улс шинэ Үндсэн хуультай болсон. Шинэ Үндсэн хуультай болсноор байнгын парламенттай болж, Засгийн газраа бүрдүүлж байлаа. Өнгөрсөн 30 гаруй жилийн түүхэнд хамгийн тогтвортой ажиллаж байгаа Засгийн газар болж байна. МАН, АН, ХҮН намын төлөөлөл “том төслүүдээ урагшлуулъя” гэдэг улсынхаа нэгдмэл эрх ашиг дээр огтлолцсон.
Ерөнхий сайд өмнөх Засгийн газраа толгойлон ажиллаж байсны хувьд суурь бодлогоо сайн мэдэж байгаа. Ажлуудаа зоригтой эхлүүлсээр байна. Мөн ямар эрх ашиг хөндөгдөж, хэрхэн шийдвэрлэхээ ч мэдэж байгаа. Иймээс Засгийн газрын огцруулах асуудал байж болохгүй. Ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэх ёстой гэж бодож байна.
-Тэгэхээр та огцруулах бичиг гарын үсэг зурахгүй гэсэн үг үү?
-Монгол Улсын Засгийн газар тогтвортой ажиллаж Францын “Орано Майнинг”-тай хийсэн ураны гэрээгээ бодит ажил хэрэг болгож, үр дүнг нь харах ёстой.
“Чайна Энержи”-тэй гэрээгээ үзэглэж, Тавантолгойн бүлэг орд дээрх ил, далд эрх ашгуудыг ил болгох ёстой.
УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрын бодлогыг дэмжиж, огцруулах асуудалд оролцохгүй. Дэмжиж ажиллана.
-“Дэмжиж ажиллана” гэх нэрийдлээр “хэт дундаа орсон” гэхэд буруудахгүй. МАН найман жил засаглалаа. Сөрөг хүчний Л.Гантөмөр, Т.Доржханд нарыг “худалдаад” авчихсан мэт логик ч үүссэн. Шүүмжлэх дуу холойгүй, сөрөг хүчингүй болчихлоо. Ингэхээр засаглалууд нэгэндээ яаж хяналт тавих юм бэ?
-Энэ удаагийн парламент хамгийн ардчилалтай ажиллаж байгаа нь гэж бодож байна. Эрх ашгийг боомилсон, хаасан асуудал байхгүй. Чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлуудад олон талын байр сууринаас ханддаг. Жишээ нь, би гэхэд л эрчим хүчний асуудалд шүүмжлэлтэй хандаж, сайдуудад нь ч хэлсэн.
Хоёр намын дарга “Улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдье” гэсэн зорилготойгоор хамтарсан гэж бодож байна.
-Танай намын ахмад буюу УИХ-д олон сонгогдсон гишүүд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар дуугарахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Байр сууриа илэрхийлэх байлгүй дээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Баялагтаа эзэн Монгол” уриан дор уул уурхайг төрд авах, олон нийтэд хувь хүртээх ажлыг эхлүүлсэн. Энэ үзэл санааг Л.Оюун-Эрдэнэ улам боловсронгуй болгож яваа. Иймд ялангуяа МАН Засгийн газрыг тогтвортой ажиллуулах байх.
-Гарын үсэг зурахгүй байх дарамт ирж байна уу?
-Түрүүн хэлсэн шүү дээ. Би дүүргийн МАН-ын дарга хүн. МАН-аас байгуулсан Засгийн газраа хамгаалах, дэмжих, ажлыг нь хийлгэх үүрэгтэй хүн. Мөн залуу хүний хувьд ч дэмжинэ. Ураны төсөл урагшилж, цөмийн эрчим хүчтэй болох суурь тавигдчихлаа. Арван жил үргэлжилсэн өргөн, нарийн царигийн маргаан шийдвэрлэгдэх гэж байна. Энэ шийдвэрлэгдвэл экспортын гарц нээгдэнэ.
-Намын даргаасаа шууд чиглэл хэр авч байна вэ. “Чуулган дээр үг ийм үг хэлээч, дуугараач” гэсэн тохиолдол гарав уу. Жишээ нь, та тавын өргөн барьсан “Гадаадаас ажиллах хүч оруулах” хууль Хотын даргын захиалга байсан уу?
-Би түрүүн хэлсэн. Ялангуяа МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийг чөлөөтэй ажиллах, асуудалд олон талын байр суурь илэрхийлж оролцох бололцоог хангадаг. Томоохон асуудлуудад гишүүд өөрсдийн байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг. Гагцхүү Монгол Улсын эрх ашигтай амин хувийн эрх ашгаа хольж хутгаж болохгүй гэдэг л зарчмын шаардлага тавьж байгаа.
Ажиллах хүчний хэрэгцээ бодитоор тулгараад байгаа юм л даа уг нь. Газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгчдэд ажиллах хүчний тухай маш их санал ирж байгаа. Эдийн засаг тэлэхийн хэрээр ажиллах хүчний хомсдол үүсээд байна. Хэн нэгний захиалга байгаагүй. Нийгмийн бодитой асуудал.
-Нийслэлээс татвар авдаг байсныг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар болиулж, өгдөг болсон нь маш том дэмжлэг-
-Та хотын тойргоор сонгогдсон гишүүн. Засгийн газар улс орны нарийн ширийн тэр тусмаа хотын асуудал руу хэр сайн анхаарч байна вэ. 14 мега төсөл гэдэг ерөнхий товъёог тавьчхаад, асуудалд хэтэрхий тойм байдлаар хандаад байгаа юм биш үү?
-14 мега төсөл ямартай ч гараанаас гарчихлаа. Худал биш бодитой. Нийслэлийн нийтийн тээвэр, агаарын бохирдол, дахин төлөвлөлт зэрэгт бодитойгоор анхаарч эхэллээ. Өмнө нь нийслэлээс татвар авч, аймаг, сумдын цалинг санхүүжүүлдэг байлаа шүү дээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авдаг биш өгдөг болж, “хотын асуудлыг шийдье” гэдэг болсон. Энэ бол маш том дэмжлэг. Асуудлууд нэг нэгээрээ цэгцэрч байна. Хонон өнжин сургууль, цэцэрлэгийн үүдэнд дугаарлаж зогсдог асуудал байхгүй болсон биз дээ.
Дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд Улаанбаатарын асуудал өчигдөр, уржигдар хуримтлагдсан юм биш. Шуудхан ч цэгцэрчихгүй.
-Хот руу анхаарч, хийгдэж буй ажлуудынх нь үр дүн ирэх сонгууль хүртэл иргэн Доржийн амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах уу?
-Улаанбаатар хотод бодит өөрчлөлт гарна. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулаад 2026 онд хотыг шинэчилсэн зохион байгуулалт руу оруулах гэж байна. Зургаан дүүргийг 14 хот болгох эрхзүйн орчин бэлэн болсон. 14 хот болсноор төвд хуримтлагдсан эрх мэдэл тарна. Өөрөөр хэлбэл хотын дайтай дүүрэг, дүүргийн дайтай хороотой болж, асуудлаа хурдан шийдвэрлэх бололцоо бүрдэнэ.
Хамгийн сүүлд Шинэ Зуунмод хотын эрхзүйн байдлыг сайжруулах нэмэлт өөрчлөлт хийлээ. Мөн Хархорум хотын хууль батлагдлаа. Монголчууд түүхэн хотоо сэргээхээс гадна аялал жуулчлалын шинэ бүс бий болгож байна. Ирээдүйд нийслэл ч болох боломжтой маш чухал. Хот хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх эхний алхам. Бид ингэж байж ядуурлаас, ажилгүйдлээс гарна. Хөдөөг хөгжүүлэх бодлого бол “Бүсчилсэн хөгжлийн бодлого” мөн. Сумдаа улам томруулъя.
Дээр нь нэмээд Хотын дарга болон сайдууд уялдаа холбоотой ажиллаж байна.
-“УИХ хэт олон асуудал руу үсчиж, нарийвчилсан агуулгуудаа орхигдуулж байна. Иймд жижиг үр дүнгүүд хаягдаад байна” гэдэг нийтлэг шүүмжлэл бий. Таны “Энэ асуудлыг шийдээд ард нь гарчих юмсан, хууль эрхзүйн орчныг нь цэгцлээд өгчих юмсан” гэсэн бодол төлөвлөгөөг тань сонсоё?
-Намрын чуулганы эхэнд УИХ-ын дарга хэд хэдэн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гол үзэл санаа зорилго сая таны асуусан асуултыг чинь хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хүний эрх хэрхэн хангаж байна вэ, хууль хоорондын уялдаа хэр вэ, хуулийн хэрэглээ цаг үетэйгээ нийцэж байна уу, шинэ хууль хэрэгтэй байна уу гэхчлэн дүгнэлт, судалгаа хийх ажлууд хэсгүүд гарчихсан.
Миний хувьд, найман ажлын хэсэгт багтан ажиллаж байна. Жагсаал цуглаан, хэвлэлийн эрх чөлөө, өмчийн асуудлууд, засаг захиргааны нэгжийн өөрчлөлт, төрийн албаны шинэчлэл, ЭМД-ын сан гэхчлэн.
Дүүргийн Засаг даргаар ажиллаж, хотоос сонгогдсон гишүүний хувьд хот дээр хийгдэж буй ажлуудад ихээхэн анхаарч байгаа. “20 минутын хот” концепцын хүрээнд Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны айлуудын газрыг чөлөөлж ирэх зунаас ажлууд эхэлнэ. Бодитой үр дүн гарна гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.