Д.Цогтбаатар: Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарч ажиллалаа
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар:
2025.01.30

Д.Цогтбаатар: Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарч ажиллалаа

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо хамгийн олон цаг хуралдсан үзүүлэлтээр бусад 11 байнгын хороодоос гуравдугаарт эрэмбэлэгдэжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн идэвхтэй, төлөвлөсөн бүх асуудлаа цаг хугацаанд нь шийдвэрлэж ажиллажээ.

Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 11 удаа, бусад Байнгын хороотой хамтарсан 3 хуралдаан зохион байгуулжээ. Энэ хүрээнд нийт 29 асуудлын хүрээнд 10 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 5 тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг 1, Байнгын хорооны 11 тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 3 ажлын хэсэг байгуулжээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт:

Тус байнгын хороонд намрын ээлжит чуулганы хугацаанд Үндсэн хуулийн цэцээс 2 дүгнэлт ирүүлснийг тухай бүрд нь шийдвэрлэсэн. Үүний нэг нь Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, “түр саатуулах” зохицуулалтыг шийдвэрлэсэн банйа. Тодруулбал, цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болох бөгөөд ингэхдээ иргэнийг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн хугацааг тооцох зохицуулалттай байсан. Үүнийг хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэх эрсдэлтэй хэмээн үзэж, цагдаагийн албан хаагч иргэнийг саатуулсан цагаас нь эхлэн түр саатуулах 6 цагийн хугацааг тооцохоор хуульчилжээ.

“Бидний эрх, Бидний оролцоо” сургалтыг зохион байгуулжээ. 

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран хүний эрхийн 100 сургагч багшаар бэлтгэх “Бидний эрх, Бидний оролцоо” сургалтыг зохион байгуулжээ. Хүний эрхийг хамгаалах нь гагц төрийн үүрэг биш, эрхээ мэддэг иргэн бол хүний эрхийг хангах, хамгаалах хамгийн гол баталгаа юм. 

Хяналтын сонсгол зохион байгууллаа.

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулсан юм. Тус сонсголоос гарсан дүгнэлтүүдийг холбогдох байгууллагуудад нь уламжилж, түүний дагуу тодорхой арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлж байгаа.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Энэхүү хуулийн төслийг 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүллээ. УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатарын ахалж ажиллаж буй дээрх хуулийн төсөл батлагдснаар хүний эрхийг хангах, авлигалыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн тооцсон байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn