Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
2024.11.25

Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал  өнөөдөр (2024.11.25) Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уг эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж алдар суугаа мандуулж их эзэнт гүрнийг байгуулж явсан 2000 гаруй жилийн түүхтэй, төрт ёсны уламжлалт Монгол Улсын тусгаар байдал нь түүхийн нугачаанд сөхөрч бүдгэрсэн цаг үе бий. Энэ хэцүү цагт эрдэм ухаант, эрэлхэг зоригт тэмцэгчдийн манлайлал, гавьяагаар тусгаар тогтнолын төлөө нийгмийн бүх давхарга нэгдэж тэмцэн 1911 оны Үндэсний хувьсгалаар Манжийн засгийг халж Богд хаанаа өргөмжилж, эрдэмтэд барууны орны үндсэн хуулийг судалж эхэлсэн байдаг. Улмаар тэмцлийн үр дүнгээ 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар бэхжүүлэн тусгаар байдлаар 1924 онд анх удаа хуульчлан баталгаажуулсан түүхтэйг онцлов.

Мөн одоогоос 100 жилийн өмнө буюу 1924 оны 10 дугаар сарын 26-ны өдөр монголын аймаг хошууд ардын цэргийн ангиудаас тогтсон 77 төлөөлөгч анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь Монгол Улсын бүрэн эрхт байдлыг зарлан тунхаглаж, дотооддоо төрийн эрх мэдлийг дээдэлж, гадаад харилцаанд хараат бус бие даасан байх бодлогыг баримтлахыг илэрхийлсэн гэлээ.

Монгол Улс энэ 100 жилийн хугацаанд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулга, мөн чанарын хувьд тасралтгүй хөгжүүлж, өнөө цагийн ардчилсан Үндсэн хуулиа бүтээсэн. Үндсэн хууль нь зөвхөн түүхэн бэлгэ тэмдэг төдийгөөс амьд оршин тогтнож, байнга баяжиж, сайжирч байдгийг илтгэж байдаг. Тухайлбал, бид 1924 оны анхдугаар Үндсэн хуулиараа хаант засгийг халж, төр иргэний харилцаа, засаглалын хэлбэр, төрийн байгууллагын тогтолцоогоо анхлан хуульчилж туурга тусгаар Монгол Улсаа дэлхий дахинаа албан ёсоор зарлан тунхаглажээ. Энэ нь Монгол Улсыг Азид Үндсэн хуулиа тунхаглан зарласан анхны гурван улсын нэг болгосон юм. Харин 1940,1960 оны Үндсэн хуулиуд нь тухайн үеийн Монголын нийгэм, эдийн засаг, хөгжлийн үе шатуудтай холбоотой зорилтуудад нийцсэн нийгмийн байгууллагыг тодорхойлж, эх орноо цэцэглэн хөгжүүлэх үндсийг тавьсан байдаг. Улмаар 1940 оны Үндсэн хууль хэрэгжих явцад Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудаараа тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-д элсэн орсон чухал үйл явц өрнөсөн. Тэгвэл 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулиараа ардчилсан Монгол Улсын нийгмийг бүтээсэн нь 1990-ээд оны үед Зүүн Европ Төв Ази болон бусад олон улсад засаглалын системээ өөрчлөн ардчилал, хүний эрхийг эрхэмлэсэн шинэ Үндсэн хуулиуд  баталсан үетэй давхцаж, олон улстай мөр зэрэгцэх болсон хэмээн Улсын Их Хурлын дэд дарга хэлэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан үг хэллээ. Тэрбээр монголчуудын хууль цаазын түүх мянганаар хэмжигддэг бол Үндсэн хуульт ёсны хөгжил зуунаар тоологддог гээд ХХ зуун Монгол Улсын төдийгүй дэлхийн улс орнуудын хувьд төр ёс, хууль цаазын хөгжлийн нэн шинэ үеийг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гүн гүнзгий өөрчлөлт, хувьсал бүхий эрин үе байсан гэв.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурал БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг баталж, “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй ард улс хэмээж улсын дээд эрхийг жинхэнэ ард нийтлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгүүлэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэж заажээ. Ийнхүү Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж түүний үндэс тулгуурыг бэхжүүлж Монгол Улс Үндсэн хуульт байгуулалт шилжсэн нь Монголын төр эрх зүйн түүхэнд чухал байр суурийг эзэлдэг гэлээ.

Анхдугаар Үндсэн хуульд улсын дээд эрхийг жинхэнэ ард эдлүүлж, улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ хэмээн тунхагласан нь одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ үйлс Үндсэн хуульд оршсоор байгаа билээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд үүссэн чухал үүрэг гэдгийг Үндсэн хуулийн цэцийн дарга онцлон тэмдэглэсэн.