Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг 1972 онд барьсан тул ашиглалтын хугацаа дуусжээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ц.Идэрбат, М.Мандхай, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Л.Соронзонболд нар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Г.Гэрэлмаа улсын төсөвт үйлдвэрийн байгууллагын талаар товч танилцуулсан.Тэрбээр, тус лаборатори нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд дэлхийн болон бүсийн лавлагаа лабориториудтай сүлжээ байдлаар ажилладаг гээд 21 аймгийн лабораториудад илрүүлэх түвшний шинжилгээ, төв лабораторид сорьц, дээжийг баталгаажуулах шинжилгээг хийдэг.
Төв лаборатори олон улсад итгэмжлэгдсэн тул шинжилгээний хариу хөрш улс орнуудад хүчин төгөлдөр үйлчилдгийг онцолж байсан.
Тэрбээр, Европын холбооны зөвлөмжийн дагуу 2022 онд эмийн болон пестицидийн үлдэгдлийг илрүүлэх багажийг суурилуулснаар 53 үзүүлэлтээр шинжилгээний дүнг 12 цагийн дотор оношлох боломжтой болсон хэмээв. Тус лаборатори нь Ази, Номхон далайн бүс нутгуудад гарч буй Монгол Улсад аюул учруулах, хил дамжин орж ирэх эрсдэлтэй гоц халдварт 15 өвчин, ямааны годрон зэрэг шинэ болон сэргэж буй нийтдээ 30 орчим өвчнийг шинжлэхэд бэлэн байгаа гэлээ.
Харин тус лаборатори нь 1972 онд баригдаж, томоохон их засвар хийгдээгүй, ашиглалтын хугацаа дууссан тул өвлийн цагт хүйтэн, мөөгөнцөртдөг. Иймд шинжилгээний өрөөнүүдэд нэмэлтээр халаагуурууд тавьж үйл ажиллагаагаа явуулдгаас цахилгааны хүчдэл хүрэхгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг гэх мэтээр яаралтай шийдвэрлэх тулгамдсан асуудлынхаа талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан.
Тухайлбал, мал эмнэлгийн оношилгооны, био аюулгүй ажиллагааны 1-3 дугаар зэрэглэлийн стандартын шаардлага хангасан, олон улсын жишигт нийцсэн лабораторийн барилга шинээр барих, 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн сүлжээ лабораториудыг мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд хүнсний аюулгүй байдлыг тодорхойлох 7 төрлийн шинжилгээг хийж гүйцэтгэх бүсийн лавлагаа лаборатори байгуулах шаардлагатай.
Өндөр мэдрэмтгий багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэх, одоо ашиглаж буй багаж хэрэгслийн тогтвортой, тасралтгүй ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн арчилгаа, засвар үйлчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт хангалттай хэмжээгээр тогтмол тусгаж, санхүүжилтийг шийдвэрлэхийг хүсэв.
Мөн улсын хэмжээнд заавал хийгдэх малын өвчин, эмгэг, хүнсний аюулгүй байдлыг хянах 22 төрлийн тандалтын төсвийг албан ёсоор төлөвлөдөг болгох, хүний нөөц бэлтгэх, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв. Лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 3.5 тэрбум төгрөгийн төсвийн саналыг хүргүүлдэг ч жил бүр 1.3 тэрбум төгрөгийн төсөв батлагддаг аж.
Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, Монгол Улс дэлхийд хорт хавдраараа тэргүүлж буй энэ цаг үед 330 сум болон 1000 гаруй багийн Засаг дарга нарыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, үйл ажиллагаандаа тэднийг татан оролцуулах, и mongiolia-цахим системтэй малын гэрчилгээгээ уялдуулах зэргээр хөрөнгө, төсөвгүйгээр нэгдсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллах талаар санал хэлсэн.
Байнгын хорооны дарга Б.Бейсен, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхэд тус лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн оношлуур, багаж хэрэгслээр хангах, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд салбарын яам холбогдох байгууллагуудыг хамруулсан ажлын хэсэг гарган ажиллаж, Байнгын хороотой хамтран хэлэлцүүлж, шаардлагатай бол Засгийн газарт үүрэг өгч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ