Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжлийн стратегийг тодорхойлохдоо энэ гурван шилжилтэд анхаарах шаардлагатай
2024.10.26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжлийн стратегийг тодорхойлохдоо энэ гурван шилжилтэд анхаарах шаардлагатай

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг энэ онд анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ дагуу Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилготой “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ыг өнөөдөр зохион байгуулав. “Шинэ стандарт” сэдэвт тус чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд, төр, хувийн хэвшил, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаачид оролцож нэгдсэн болон салбар хуралдаан, бүс бүрийн онцлогийг харуулсан үзэсгэлэн зохион байгууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж “Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэл танилцуулав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх болсон шалтгаан болон хүрсэн үр дүн, цаашдын зорилтот түвшинг тэрбээр тодотгов. Бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, аймгууд тус тусдаа биш, бүсээс сонгогдсон парламентын гишүүд, иргэдийн оролцоотойгоор бүс, бүсийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо нийлж тодорхойлох, зөвхөн төр бүхнийг хийх биш хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын орчноор дэмжлэг үзүүлэх, төвлөрлийг сааруулахаар Засгийн газраас бодлого гарган ажиллаж байна. Энэ хүрээнд 14 мега төслийг боловсруулсан. Эдгээр төсөл бүх бүс нутагт хэрэгжинэ гэдгийг Ерөнхий сайд онцлоод төсөл тус бүрийн давуу талыг танилцуулав.

2021 онд манай улсын ДНБ-ий хэмжээ 43.6 их наяд төгрөг байсан бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд 2023 онд 70.4 их наяд төгрөг болж өссөн. Энэ онд 79.2 их наяд төгрөгт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт туссан хөгжлийн 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн гэлээ.
Цаашид Монгол Улсын хөгжлийн дараагийн стратегийг тодорхойлохдоо дараах гурван шилжилтийг хийхэд онцгой анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, хурдтай хөгжиж байгаа технологийн үед AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт бүс нутгийн хэмжээнд хэрхэн нөлөө үзүүлэхийг хөгжлийн стратегидээ илүү анхаарах, хоёрдугаарт, уул уурхайн салбар дээр эдийн засаг нь тогтдог Монгол Улстай адил эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад ногоон хөгжлийн шилжилт хэрхэн өрнөх вэ гэдэг дээр стратегиа тодорхойлбол илүү чухал. Гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт ямар байх вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэлээд “Шилжилтийн үеийн шинэ эдийн засаг” хэмээн дээрх гурван шилжилтийг тодорхойллоо. Тиймээс эдгээр шилжилтээр бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлох шинэ хэрэгцээ, шаардлага үүсэж байгаа учир үүнийг хэрэгжүүлж чадвал хөгжлийг хөөж биш угтаж гүйцэх болно гэв.
Мөн тэрбээр “Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсөв бол Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх эхний төсөв. Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлдэг, нийтдээ 1,062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлэхээр Засгийн газар тусгасан. Ингэснээрээ төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гаргаж салах болно” гэлээ.
Энэ удаагийн “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-аас бүсийн засаглал, эрх зүйн орчин, эдийн засаг, татварын орчин, хүн ам, нийгмийн хөгжлийн бодлого, дэд бүтэц, бүс ба шилжилт (AI хиймэл оюун ухааны шилжилт, ногоон шилжилт, хүний нөөцийн шилжилт) гэсэн асуудлуудад төвлөрч үр дүн гарна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.