2024.10.03

Ц.ИДЭРБАТ: “ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨН 2025 ОНД ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ? ҮҮНИЙГ ТОДОРХОЙ БОЛГОМООР БАЙНА

УИХ-ын чуулганы 2024.10.03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Бид “Эргэх холбоо” хөтөлбөрийн хүрээнд орон нутгуудаар явж иргэдтэй уулзаж байна. Тэдний зүгээс 14 Мега төслүүд гээд олон зүйлд хүлээлт өндөр байна. Бидний хувьд ч гэсэн Зүүн бүсийн хөгжлийн хувьд, бүсчилсэн хөгжлийн, түүхэн аялал жуулчлалын, боомтын сэргэлт, хөдөө аж ахуйн гээд томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зураг төсөл ТЭЗҮ гээд олон зүйл дээр ажиллаад явж байна. Иргэдийн санал бодлыг хүлээн авч, томоохон төсөл хөтөлбөр дээр тусгуулахаар ажиллаж байгаа маань энэ.


Энд нэг зүйл байгаа нь орон сууцтай холбоотой асуудал байна. Үндэсний баялагийн сангийн тухай хууль батлагдаж эхэлснээс хойш орон сууц, боловсрол, эрүүл мэнд гэсэн гурван чиглэлээр санхүүжилт босгох боломжтой болсон. Орон сууцны хувьд Х.Нямбаатар сайдыг маш сайн ажиллаж байгаа гэж үзэж байна. Энэ “Сэлбэ төв” болон дараагийн төвүүдээ гаргаад авчихсан ажиллаж байна.

Харин орон нутгийн хувьд дэд бүтцийн асуудал буюу хашаандаа сайхан амьдрах боломжийг хангаж байгаа инженерийн зураг төслүүд явах хэрэгтэй юм билээ. Жишээ нь, Хэнтэй аймаг дээр 5000 өрх 2026 он гэхэд цэвэр, бохир ус, дулааны сүлжээнд холбогдох гэж байна. Энэ төсөл амжилттай болбол Сүхбаатар, Чойбалсан аймгийн төвд ч хэрэгжүүлээд явах боломжтой.

Тэгэхээр Үндэсний баялагийн сангийн уялдаа холбоог заавал орон сууц гэлгүйгээр дэд бүтэц, амьны орон сууц руу чиглүүлэх бололцоо байна. Энэ талын судалгаа ирэх оны төсөв дээр хийгдсэн үү?

Мөн өнгөрсөн хаврыг малчид их гарз хохиролтойгоор давсан. Үндсэндээ, малчид 70 хувь хүртэлх малаа алдсан. Хэдий байгалийн давагдашгүй хүчин зүйл ч гэлээ энэ хүндрэлээс гарахын тулд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан 60 мянган хоршоологчдод хөнгөлөлттэй зээл олгоод явж байна.

Гэхдээ энд нэг ойлгомжгүй зүйл байгаа нь ирэх 2025 онд энэ “Шинэ хоршоо” хөдөлгөөн үргэлжлэх үү? Эхэлсэн шигээ яг энэ эрчээрээ явах уу? Санхүү, эх үүсвэрийн асуудал найдвартай болсон уу? Хоршоологчид мэдээлэл маш сайтай байна. Тэд бүх зүйлсээ бүрдүүлээд хүлээж байна. Цаашид үргэлжлэх үү гэж асууж байна. Гэвч цааш хэрхэх нь тодорхойгүй. Бидэнд итгээд ажлаа төлөвлөчихсөн хүний ажлыг “алаад” байгаа юм шиг санагдаж байна.

 Түүний асуултад ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр нар хариуллаа.