2024.09.18

Б.УЯНГА ГИШҮҮН НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

Өмнөговь аймгийн ард иргэдийн нүдний эрүүл мэндийг хамгаалах, нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношилж эмчлэх ажилд УИХ-ын гишүүн Б.Уянга дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Тодруулбал, Канад Улсын “Laurel Surgical Foundation” олон улсын байгууллагын эмч Хью Парсонс тэргүүтэй нүдний нарийн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүнийг Б.Уянга гишүүн Өмнөговь аймагт урьж ажиллуулж буй. Ингэхдээ, Канад улсын нүдний эмч нарын баг бүрэлдэхүүн тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж иргэдэд үзлэг оношилгоо хийхийн сацуу нүдний өвчлөлд өртөөд буй 200 орчим иргэнд шаардагдах мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр боллоо. 

Нүдний нарийн мэргэжлийн эмч нар энэ сарын 22-27-ний өдрҮҮДЭД Даланзадгад хотод ажиллана. 

Лаурел сан 2015 оноос Монгол Улсад нүдний эрүүл мэнд, тусламж үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд монголын нүдний эмч нарын эмчилгээний болон мэс заслын ур чадварыг бэхжүүлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, алслагдсан газарт оршин суудаг иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм.

нүдний мэс заслын эмч нарын чадварыг олон улсын түвшинд хүргэнэ

Түүнчлэн, Эрүүл сайд Т.Мөнхсайхан Канад Улсын Бритиш Колумбиагийн их сургуулийн профессор, Лаурел мэс заслын сангийн УЗ-ийн гишүүн, төслийн удирдагч Хью Парсонс, Лаурел мэс заслын сангийн УЗ-ийн нарийн бичгийн дарга Кристин Туано нарыг энэ сарын 15-ний өдөр хүлээн авч уулзлаа. 

Сайд Т.Мөнхсайхан уулзалтын эхэнд өмнө нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал байхдаа уулзаж байсан. Дахин уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Канад улсаас Монгол Улсын хүн амын нүдний эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлээ.

Хью Парсонс уулзалтын үеэр Монголчуудын дунд нүдний өвчлөл их, ялангуяа хөдөөгийн иргэдийн дунд элбэг байгаа нь хараагүй болох эрсдэлд хүргэж болох учраас өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлэхэд анхаарах, эмч мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах, боловсролыг дээшлүүлэх асуудлыг хөндлөө. Мөн тэрбээр нийслэл төдийгүй алслагдмал аймаг сумдын эмч нарт ажлын байран дээрх сургалтыг хийж, эмч нарын нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлэхэд зориулж, нүд судлалын резидентийн сургалтыг сайжруулах хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөр нь Канадынх бус Монгол Улсын эрүүл мэндийн салбарын онцлогт тохируулсан гэдгээрээ онцлог. Тиймээс энэ хөтөлбөрт хамрагдах боловсон хүчнийг сонгох асуудалд анхаарч өгөхийг хүслээ.

“Лаурел мэс заслын сан”-гийн төслийн удирдагч Хью Парсонс:

"Сүүлийн 4-5 жил Монгол Улсын ЭМЯ-аас бидний үйл ажиллагааг дэмжин сургалтыг сайжруулах тал дээр дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Нүдний болорын цайлт нь хөдөө орон нутагт түгээмэл тохиолдож байна. Орон нутгийн иргэдийн хувьд нүдний нарийн мэргэжлийн, мэргэшсэн тусламж үйлчилгээг авахад маш хэцүү байдаг. Хөдөөгийн иргэд мэс заслын үйлчилгээг заавал Улаанбаатар хотод ирж, гуравдугаар шатлалын эмнэлгээс авдаг. Орон нутгаас олон зуун мянган км зайг туулж ирэн, УБ хотод байрлаж, нүдний тусламж үйлчилгээг авах боломж хүн бүрд тэр бүр байдаггүй. Тэгэхээр хамтарсан үйл ажиллагааны гол зорилго нь орон нутагт нарийн мэргэжлийн мэс засал хийх чадвартай боловсон хүчнийг бэлдэх нь маш чухал байгаа юм" гэв. 

Дашрамд, Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нүдний эмч, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Канад Улсын Бритиш Колумбиагийн их сургуулийн профессор, Лаурел сангийн Монгол дахь төслийн зохицуулагч, доктор Хью Парсонс-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 2023 онд төрийн дээд шагнал “Алтан гадас одон” хүртсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан