"ШИНЭ ХОРШОО" ХӨДӨЛГӨӨН БОЛ МАЛЧДЫГ "ХАВХАНД" ОРУУЛАХ ГЭСЭН АРГА
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар
2024.09.06

"ШИНЭ ХОРШОО" ХӨДӨЛГӨӨН БОЛ МАЛЧДЫГ "ХАВХАНД" ОРУУЛАХ ГЭСЭН АРГА

Малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд МАН-аас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилж, мөрийн хөтөлбөртөө тусгасан. Санаа нь, малчид бүлэг болж дундаа зээл авч хамтын үйл ажиллагаа явуулах ёстой.

Хөтөлбөр санаачлагчдын тайлбарлаж байгаагаар малчид хоршоолол болно. Хоршсон малчид үйлдвэрлэлийн анхан шатны нэгж байна, цаашлаад үйлдвэртэйгээ уялдуулах ёстой. Тодруулж хэлбэл, малчид авсан зээлээрээ малаа чанаржуулна, малынхаа тэжээлийг тариалдаг болно, малаа эрүүлжүүлэх ажлыг ч хийж болно.

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлд нийлүүлдэг түүхий эдийнхээ чанарыг сайжруулж, гарцыг нэмэгдүүлэхийн тулд бүтцэд орж байгаа нь ХАА-н үйлдвэрлэлтэйгээ холбогдох гол бололцоог нээж өгнө. Ингэснээр малчдаа дэмжээд зогсохгүй, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд малын түүхий эд бэлтгэх үйлдвэрлэлээ зэрэг босно гэх.

Тэгвэл энэхүү хөтөлбөр нь мал аж ахуйн гаралтай үйлдвэрлэл байгуулахад дэмжлэг болохгүй. Харин ч хэдэн жилийн дараа өртэй малчид л нэмэгдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар хэлж байгаа.

Тэрээр, “Өмнө нь 2009-2012 оны хооронд яг өнөөдөр яригдаад байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөн шиг зүйл Говь-Алтай аймагт хэрэгжсэн. Тэр хугацаанд нийт 65 иргэнд 1.1 тэрбум төгрөгийн зээл олгогдсон. Нэг хүнд ойролцоогоор 15-20 сая төгрөг оногдож байсан. Харин түүний дараа энэхүү зээл Говь-Алтай аймгийн төсөв бүрдүүлэхэд ихээхэн хүндрэл учруулсан. Учир нь малчид зээлээ буцааж төлөөгүй. Тиймээс 40 гаруй иргэний төлөөгүй зээлийн асуудал өнөөдөр ч шүүх дээр яваа.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг харвал 5 жилийн дараа Монголын бүх малчдад ийм асуудал үүсэхээр байна. Нийгмийн сүлжээгээр хүмүүс улстөрчдийг хэлэхдээ, “ЖДҮ, Хөгжлийн банк гээд бүх боломжийг хулгайлсан, хуваагаад иддэг” гэдэг. Тэгвэл одоо зөрүүлээд малчдыг “Та нар мөн хувааж аваад идсэн” гэж хэлж, хавханд оруулах гээд байна.” ГЭСЭН ЮМ.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын хувьд малчдаа дэмжихийн тулд малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих нь хэдэн малчинд зээл нэртэй мөнгө тараахаас илүү үр дүнтэй гэж үзэж байна. Тэр Говь-Алтай аймгийн Засаг даргаар олон жил ажилласан хүний хувьд орон нутгийн амьдралыг, малчдын хүсэлтийг илүүтэй мэдэхээ ч хэлдэг. Түүнийхээр бол малчид зээл өгөөч гэдэггүй, тэд малынх нь түүхий эдийг үнэд оруулах үйлдвэр барьж өгөхийг л хүсдэг гэсэн. Харин малчдаа дэмжихийн тулд судалгаанд суурилсан бодлого явуулахыг шаардаж буй.

О.Амгаланбаатар өнгөрөгч УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Миний мэдэхийг хүсэж байгаа нэг зүйл байна. Энэ бол өнгөрсөн 20 жил хөдөө орон нутагт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүд, зээл, хоршоодод өгсөн мөнгөнд үнэлгээ хийсэн эсэх. Өдий хүртэл энэ тал дээр үнэлгээ хийж байсан нь тун тодорхой бус байдаг. Хэрэв хийж байгаагүй бол одоо эхлэх ёстой. Тэгж чадвал малчдаа эрсдлээс хамгаалж, цаашлаад ямар төрлийн, ямар хэмжээний үйлдвэрлэл байгуулах нь тодорхой болно” гэсэн юм.