2024.08.27
Б.Жаргалан: Парламентын хяналт шалгалтын үүргийг нэр төдий болгож болохгүй!
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.27/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Анхдугаар чуулган хуралдахад УИХ дээр гэгээлэг зүйлс яригдсан. Тухайлбал, шинэ 30 жил, сонгодог парламент, хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлнэ гэх мэт. Харамсалтай нь бид ээлжит чуулган эхлээгүй байхад ээлжит бус чуулган дээрээ зарчимгүй асуудлууд хийгээд эхэллээ. Баасан гарагт, төсвийн хүрээний мэдэгдэл бөгөөд төсвийн тогтвортой байдлын тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хууль санаачлагч буюу Засгийн газарт буцаах тухай санал хураалт явагдсан. 57х51 харьцаатайгаар УИХ шийдвэрээ гаргачихсан байсан. Араас нь аль нэг бүлэг завсарлага аваад горимын санал гэдэг зүйлээр УИХ-ын санал хураалтыг хүчингүй болгоно гэдэг жишиг тогтоож болохгүй. Тиймээс УИХ-ын даргад хэлэхэд, УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө техникийн асуудлууд аа шийдвэрлэмээр байна!
Сая бид болчимгүй зүйл хийж л байна. Өнгөрсөн хугацаанд парламент дээр хуудуутай зүйл их гарсан. Тухайлбал, 2024 оны зургаадугаар сард төсвийн гүйцэтгэл хэлэлцэх ёстой байтал тухайн үеийн парламент төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж амжаагүй. Өнөөдөр дэгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж ирж байгаад төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх гэж байна. Гэтэл төсвийн гүйцэтгэлтэй холбоотой материал өнөөдөр өглөө ирж байна. Нэг жилийн гүйцэтгэлийн төсвийг ганцхан өдрийн дотор материалтай нь танилцаад яаж хэлэлцэх юм! Парламентын хяналт, шалгалтын үүргийг гурилдаж, нэр төдий болгож болохгүй. Төсвийн гүйцэтгэлийн асуудлыг байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч тэр материалтайгаа сайтар танилцаад дараа нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Үүн дээр УИХ-ын дарга анхаарах шаардлагатай!
Түүний асуултад, Сангийн яамнаас хариулав.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан