ЦАХИМ ТЕХНОЛОГИ ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ
Б.Тэмүүлэн, Дэлхийн банкинд цахим эдийн засгийн бодлогын зөвлөх, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үндэсний хороонд үндэсний брэндинг, олон улсын хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх
2024.08.14

ЦАХИМ ТЕХНОЛОГИ ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ

Xоёр их гүрний дундах жижиг арал дээр оршдог Сингапурчууд өөрсдөөсөө байнга "Бид бусдад ямар үнэ цэнийг бий болгох вэ?" гэж асууж, "Дэлхий нийтийн эдийн засаг, үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд өөр хэн ч орлошгүй үүрэг гүйцэтгэх нь манай улсын тусгаар тогтнолын баталгаа" гэж үздэг.

Тэгвэл зах зээлийн багтаамж бага, далайд гарцгүй, экспорт, импортын тээврийн зардалд 30 хувь хүртэл төлдөг хэрнээ нийт хүн амынх нь 65-аас дээш хувь нь 35-аас доош насныхан эзэлдэг, эрчимтэй цахим шилжилт хийж буй Монголчууд бид дэлхийд ямар үнэ цэнийг бүтээж болох вэ?... Би "Цахим технологиор урсах, Монгол оюунаас ундрах үнэ цэн"-ийг бүтээх боломж байна гэж боддог.

АНУ-ын "Тесла" компани 2018 онд БНХАУ-д 100% гадаад эзэмшигчтэй аж ахуйн нэгж байгуулж, геополитикийн маш эмзэг нөхцөлд Шанхайд цахилгаан автомашины үйлдвэрээ барьж, шуугиулж байлаа. "Тесла"-гийн үйлдвэрийг барихад БНХАУ-ын төрийн өмчийн банкнаас тусгай хөнгөлөлттэй санхүүжилт олгож, удалгүй үйлдвэрийн 3 ээлжээр 24/7 ажиллаж, жилд 750 мянган автомашин үйлдвэрлэж, бүс нутгийн хаб болсон байдаг.

Б.Тэмүүлэн, Дэлхийн банкинд цахим эдийн засгийн бодлогын зөвлөх, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үндэсний хороонд үндэсний брэндинг, олон улсын хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх.

Гэвч дэлхий нийтийг гайхшруулсан энэ саналаас хойш 6 жилийн дотор БНХАУ-ын дотоодын үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх болсон юм. БНХАУ баримталсан гол бодлого нь Tesla-д ажилласан боловсон хүчнээрээ дамжуулж ноу хау нутагшуулж, хүнээ мэргэшүүлсэн байдаг. Сингапурын эдийн засгийн тэргүүлэх салбарууд ч мөн хөгжлийн эхэн үедээ энэ зарчмаар олон улсын тэргүүлэгч компани, хөрөнгө оруулагчдыг урьж, дотоодын хүний нөөцөө чадавхжуулж, ноу хау нутагшуулах замаар өрсөлдөх чадавхиа бэхжүүлсэн байдаг.

Яг үүний жишгээр ѕрасеХ компанитай 2 жил гаруй хугацаанд ажиллаж, цахим хөгжлийн суурь болсон өндөр хурдны интернетийн 3-дагч гарцыг нээх ач холбогдол бүхий Starlink үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн. Сансрын технологи ашигласан энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхэд хууль эрх зүйн орчин бүрдээгүй, дэд бүтэц сул учраас нийлүүлэлтийн гинжин хэлхээг угсрахаас эхлээд дотоодын картаар тооцоо хийх олон сорилттой тулгарч байв.

Геополитикийн эмзэг цаг үед бүс дамнасан төлбөр тооцооны холболт хийхэд Газын зурвасын асуудал ч нөлөөлж байсан зэрэг нарийн арга ухаан шаардсан ажил болсон. Үр дүнд нь Ѕрасех компани Монголын хууль эрх зүйн орчинг хүлээн зөвшөөрч, Монголын хэрэглэгчдийн эрх ашигт нийцүүлж, Монгол Улсаас олсон ашиг орлогоосоо татвараа төлөөд зогсохгүй шилэн кабель татахад шаардлагатай байсан 15 их наяд зардал хэмнэгдэж байна.

Улс орнууд цахим эдийн засгийн бодлогоор уламжлалт салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, инновац шингэсэн бизнесийн орчныг дэмжиж, иргэдийг чадавхжуулах замаар мэдлэгт суурилсан эдийн засаг руу тэмүүлж байна. Хүний хөгжил улсын хөгжлийн хурдасгуур, үндэстний дархлаа гэж би боддог. 

Одоо үүнийг ашиглаж, цахим эдийн засгийг цогцлоож, дэлхийд үнэ цэнийг бүтээх асуудалд тевлөрч ажиллаж байна. Энэ хүрээнд олон жил залуусын мөрөөдөл байсаар ирсэн Google компани Монголд албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлэх ажил өнгөрсөн онд биеллээ оллоо. Засгийн газар болон олон талын дэмжлэгтэйгээр Google компани Монголын зах зээлд нэвтрэх roadтар гаргаж, эхний ээлжид Монгол залуус Android playstore-оос орлого хүлээн авах төлбөрийн суваг нээж байна.

Түүнчлэн Google ноу хауг нутагшуулах, хүний нөөц, дотоодын бизнесүүд дэлхийн хэмжээнд өрсөлдөхөд шаардагдаж буй цахим технологийн мэргэжлийн ур чадвартай 1000 боловсон хүчин бэлтгэх ажил өрнөж байна. 16 настай сурагчаас 57 настай ахмад, хүүхдээ асарч буй ээжээс малчин, барилгын инженер мэргэжилтэй хүмүүс, дата шинжээч, төслийн менежмент, кибер аюулгүй байдал, дижитил маркетинг, цахим худалдаа гэх зэрэг цахим технологийн хамгийн эрэлттэй зургаан мэргэжлээр бэлтгэгдэж байна.

Бид мөн хүүхэд залууст зориулан "After school" мобайл аппликэйшнийг хөгжүүлж, өдгөө 50,000 хүүхэд ашиглаж байна. Уг аппликэйшн нь хүүхэд залуусыг өсөж хөгжих боломжийг нээлттэй, тэгш хүртээмжтэй байлгах, "Суралцах нь заавал сургуулийн орчинд л хийдэг зүйл бус амьдралын хэв маяг" гэдэг хандлагыг эзэмшүүлэх зорилготой.

"After school"-д сурагчид өөрийгөө хөгжүүлж, нийгэмд тустай ажил хийснээ бүртгүүлж, оноо цуглуулан, их сургуульд элсэх, тэтгэлгийн тодорхойлолт авч болохоос гадна өсвөр насанд дутагддаг урам зориг, өөртөө итгэх итгэлийг бий болгохын тулд олон улсын байгууллага, үндэсний томоохон компаниудын дэмжлэгтэйгээр хичээлийн хэрэгслээс эхлэн интернет дата, сургалт дамжааны эрх, их дээд сургуулийн тэтгэлгийн урамшуулал ч авдаг.

Эцэст нь хэлэхэд, бүс дамнасан гадаад, дотоодыг холбосон эдгээр төслүүдийг хоёр хүүхдийн ээж жирийн монгол эмэгтэй хотын түгжрэл дунд зохион байгуулж болж байгаа нь цахим технологийн бидэнд олгож буй хамгийн том давуу тал юм. Цахим технологи гэдэг зөвхөн код бичих биш. Гагцхүү цахим технологи бол цаг хугацаа, орон зайг үл харгалзан ажлын цар хүрээгээ тэлэх, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх хөшүүрэг билээ.