СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ХЭСГИЙН ХОРООДЫН ТАЛ НЬ 07:00 ЦАГТ ЭХЛЭЭГҮЙ БАЙЖЭЭ
СЕХ: Бүх саналын хуудсыг гар аргаар тоолж, хяналтын тооллого хийлээ.
2024.07.02

СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ХЭСГИЙН ХОРООДЫН ТАЛ НЬ 07:00 ЦАГТ ЭХЛЭЭГҮЙ БАЙЖЭЭ

“Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн сүлжээнээс УИХ-ын сонгуулийн үр дүнгийн мониторинг танилцууллаа. Тухайн иргэний нийгмийн сүлжээнээс сонгуулийн өдөр 24 цагийн турш 112 хэсгийн хороонд нийт 260 орчим ажиглагчтайгаар хөндлөнгийн ажиглалт явуулжээ. Ингэхэд, 48 хэсэгт тэргэнцэртэй хүн орох боломж хангагдаагүй, хэсэгт бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэн суух бүхээг нэгээс доошгүй байх ёстой ч 29 хэсэгт тухайн бүхээгийг байршуулаагүй, 16 хэсэгт хараагүй иргэнд зориулсан брайль үсэг бүхий хавтас байхгүй, нийт 112 хэсгээс 50 хувь нь буюу 56 нь 07:00 цагт үйл ажиллагаагаа эхлээгүй байна. Тэр дунд 07:50 цагт эхэлсэн хороо ч байгаа гэлээ. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн, хоёр саналын хуудас бөглөх зэрэг онцлогтой сонгуулийн ийм үед энэ нь маш ноцтой зүйл гэдгийг “Шударга сонгуулийн төлөө” ИНС онцолж, энэ нь тухайн хэсгийн хорооны чадамжгүй байдалтай холбоотой байсан гэж дүгнэв.

Түүнээс гадна 8 хэсгийн хороонд санал тоолох машин гацаж, эвдэрчээ. Мөн сонгогчдын нас, ажлын онцлог зэргээс шалтгаалан хурууны хээ танихгүй тохиолдол 1001 удаа гарсан байна. Сонгогчид саналын хуудас бөглөсөн байдлаа санал тоологч машинд хийх хүртлээ нууцлах ёстой байтал иргэд энэ талаарх ойлголт тааруугаас зориулалтын хавтсанд хийлгүй ил барих, нэг нэгнийхийгээ асуух зэргээр саналын нууцлалаа бусдад мэдэгдсэн тохиолдолд 4555 удаа гарчээ. Саналын хуудас хүчингүй болсон тохиолдолд хуудасны зүүн доод буланг хайчлах ёстой боловч хайчлаагүй тохиолдол 308 удаа, сонгогчдын нэрсийн ард гарын үсгийг нь зуруулах ёстой авч түр хасагдсан сонгогчийн өмнөөс гарын үсэг зурсан зэрэг тохиолдол 999 гарсныг тухай бүр СЕХ-нд мэдэгджээ.

Энэ удаагийн сонгуулиар мөн нэг ноцтой зүйл нь гар тооллого зарим газар маш удаан, олон цагаа хийгдсэн явдал гэдгийг ИНС-аас мэдэгдэв. Тодруулж хэлбэл, Замын-Үүд дэх хэсгийн хороонд сонгуулийн маргааш орой буюу 6-р сарын 29-ний 19:30 цагт гар тооллогыг хийж дууссан байна. Үүнийг мөн тухайн хэсгийн хорооны чадамжгүй байдал гэж үзэж байгаа аж. Гар тооллого удаж байгаа шалтгаанаа чиглэл ирээгүй байна, хооллож байна, хэн нэгэн нь гарч явсан зэргээр тайлбарлажээ. Гэхдээ гар тооллого хийсэн хэсгүүдэд хуудас тоолох машины тооноос зөрсөн тохиолдол гараагүй байна.