16,352 СОНГОГЧ ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
2024.06.26

16,352 СОНГОГЧ ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 16,352 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргажээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын 5247 нь нийслэлд, 11,105 нь орон нутагт байна. Хэсгийн хорооны гишүүд 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын саналыг очиж авна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар
-Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч,
-Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч,
-Захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадалгаа эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн авдаг.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу нийслэл, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд оршин байгаа газарт нь очиж авна.
Сонгогч санал бэлтгэх зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйд хийх бөгөөд саналын хуудсыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглодог. Улмаар санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналыг хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулах юм.