2024.07.01
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ДҮНГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Нарийн бичгийн дарга, гишүүд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр (2024.07.01) өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Улсын Их Хурлын ес дэх удаагийн ээлжит сонгуулийг нэр төртэй, амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороо, зохион байгуулахад оролцсон нийт төрийн албан хаагчдад Монгол Улсын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сонгуулийн үйл явц ил тод, маргаан багатай болж төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа бүрдүүллээ.
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн түүхэн ой тохиож байгаа үед Улсын Их Хурлын ээлжит сонгууль болсон онцлогтой. Улсын Их Хурлын 126 гишүүн сонгодог болсноор түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль болж, олон намын төлөөлөл сонгогдлоо. Эмэгтэйчүүдийн оролцоо өндөр сонгууль болж, парламентад эмэгтэй гишүүд олноороо сонгогджээ.
Сонгууль ардчиллын дагуу ил тод, нээлттэй зохион байгуулагдсанд ард иргэд ч сэтгэл хангалуун байна” гэлээ.