Баянголын залуус гарааны бизнесийг дэмжих бодлогыг сайшааж байна
2024.06.20

Баянголын залуус гарааны бизнесийг дэмжих бодлогыг сайшааж байна

УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрог буюу Баянгол дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, Ө.Сумъяабаатар нар ээлжит уулзалтаа оюутан залуусын төлөөлөлтэй хийлээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудад үзүүлсэн дэмжлэг, хөрөнгө оруулалтын санхүүжилтээр нийслэлийн есөн дүүргээс хамгийн өндөр үзүүлэлттэй нь Баянгол юм.

Улс орны хөгжил бизнес эрхлэх гэж байгаа хүмүүсийн эрсдэл даах чадварт тулгуурладаг. Энэ нь өөрөө улс орны хөгжлийн гол цэг. Хүн бүр салбар салбартаа өөрийн хэмжээнд сайн ажиллаж байж, тулгамдсан асуудлыг шийднэ. Тиймээс ирээдүйн залуучуудыг бизнесийн мэдлэгтэй болгож үүнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан сурч, хөдөлмөрлөхөд нь урам зориг өгөх зорилгоор “Шилдэг бизнес төсөл”-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын санаачилгаар 2016 оноос зохион байгуулж эхэлсэн нь өдгөө зургаа дахь жилтэйгээ золгож байгаа нь үүний илрэл болжээ.

-Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулна-

Харин энэ удаад 2019 онд УИХ-аас баталсан Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаа нэр дэвшигчид оюутан, залуусын төлөөлөлд дуулгасан юм. Учир нь одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар жилийн 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид тооцдог юм.

Хуулийг баталснаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид улирал бүр тайлан гаргадаг байсныг халж жилдээ нэг удаа гаргадаг болсон. Мөн нэг хувийн татвар төлөх боломжийг хуульд тусгасан байдаг. Гэхдээ эдгээр зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, жижиг, дунд үйлдвэрлэл болон гарааны бизнес эрхлэгч залуусыг дэмжсэн заалтыг тусгах нь 2024-2028 онд хийх гол ажлыг нэг гэдгийг нэр дэвшигч Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, Ө.Сумъяабаатар нар онцолж байлаа.

Оюутан, залуусын зүгээс ч эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд ажлын талбарт гарахад нэн түрүүнд шаардлагатай байгаа асуудал нь хууль эрх зүйн болон татварын таатай орчныг бүрдүүлэх гэдгийг хэлж байсан юм. Тиймээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гарааны бизнес эрхлэх хүсэлтэй олон залуусыг дэмжсэн бодлого гаргахаа илэрхийлж буй гурван нэр дэвшигчийг багаар нь дэмжинэ гэсэн юм.