Алдагдсан боломж
О.Батнайрамдал, Уул уурхайн дэд сайд асан
2024.05.24

Алдагдсан боломж

Дэлхийн шилдэг боловсрол эзэмших цор ганц тасалбар минь бүрэн тэтгэлэг л авах байв. Энэ нь надад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 1500км-ийн зайд орших Ховд аймгаас гарч бие даах алтан боломж байсан бөгөөд энэ тасалбараар би Норвеги, дараа нь АНУ-д дээд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд санхүүгийн салбарт ажиллах явцдаа би бизнесийн сургуульд суралцах зорилгоо тодорхойлж билээ. 

Харвардын Бизнесийн Сургуулиас надад ТЭНЦСЭН гэх захидал ирсэн ч би сургалтын төлбөрөө хэрхэн төлөх вэ гэдэг томоохон сорилттой тулгарав. Миний авсан тэтгэлэг багагүй хэмжээтэй байсан ч сургалтын төлбөрийг бүрэн төлөхөд хангалтгүй байлаа. Тиймээс би Монгол Улсын төрийн санхүүжилттэй Боловсролын зээлийн санд өөртөө итгэлтэйгээр өргөдлөө өгсөн боловч тавхан минутын ярилцлагаар тэнцээнгүй гэх урам хугалсан хариу өгсөн бөгөөд энэ нь зөвхөн надад тохиолдсон бүтэлгүйтэл хэмээн бодоод л өнгөрсөн.

О.Батнайрамдал

Харвардын Бизнесийн Сургуулийг төгсөөд Bank of America-гийн Нью-Иорк болон Сидней хотуудын салбарт ажиллаж байлаа. Томоохон корпорацад ажиллахад олон давуу тал байсан ч Монгол орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, эх орноо гэрэлт ирээдүй рүү хөтлөх шинэ үеийн нэг хэсэг байх мөрөөдлөө даган 2017 онд эх орондоо эргэн ирсэн. 

Монголдоо ирээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх, дараа нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллав. 2023 оны нэгдүгээр сараас зуу гаруй жилийн түүхтэй эрх баригч социал демократ нам болох Монгол Ардын Намын нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байна. 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль миний томилгооноос хоёр жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн. Үүнээс улбаалан боловсролын зээлийн сангийн талаар би судалж үзэв. 

Энэхүү санг удаан хугацаанд зүй бусаар ашигласан хууль бус үйлдлийг илчлэхээр 2023 оны тавдугаар сард миний бие хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд мэдээлсэн. Энэхүү мэдээлэл сошиал медиа дээр хүчтэй шүүмжлэлийг дагуулж олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэж, маш их дайралтууд зээлд холбогдсон албан тушаалтнууд, сангийн удирдлагууд болон надад ирсэн. Зарим хүмүүсийн хувьд энэ нь тэдний нэр хүндэд халдсан хэрэг бол энгийн сурагчид болон тэдний гэр бүлийнхний хувьд тэдний итгэл найдвар, мөрөөдлийг хулгайлсан үйлдэл юм. Эцэг эхчүүд хүүхдээ боловсролтой болгохын тулд насаараа хуримтлуулсан мөнгөө зарцуулдаг, тиймээс ч энэ асуудал бүх хүмүүсийн сэтгэл зүрхэнд ойр туссан байх.

Энэхүү мэдэгдлийн үр дүнд бас нэг цочирдмоор асуудал ил болов. Тус сангаас надад зээл олгосон тушаал гарсан хэдий ч тэр сангийн мөнгө надад хэзээ ч ирээгүйд байв. 

Засгийн газрын болон парламентын түвшинд энэ төрлийн ёс бус үйлдэл, авлигатай тэмцэх шинэчлэл хийгдэж байгаа хэдий ч өнөөдрийн энэ шуугиан ямар үр дүн авчрахыг цаг хугацаа харуулах биз. 

Боловсрол бол хувь хүн төдийгүй гэр бүл, нийгэм, улс үндэстнийг ч өөрчлөх хүчтэй гэдэгт би гүнээ итгэдэг. 

Надад олдсон боловсролын боломж маш ховор, азтай тохиолдол. Гэхдээ Монгол хүүхэд бүр дээд боловсрол эзэмших тэгш боломжоор хангагдаж, эх орондоо хэрэгтэй өөрчлөлтийн эзэд нь өөрсдөө болох учиртай.