Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна
2024.04.11

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилга, газрын асуудлаар холбогдох албаныхны хамт ажиллалаа.

Эмийн үйлдвэрийн хоёр давхар тоосгон барилга нь 1952 онд ашиглалтад орсон. 1996 онд эмийн үйлдвэр ажиллуулах зорилгоор тус барилгыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд шилжүүлжээ. Эмийн үйлдвэр нь төвийн халаалт, хүйтэн усны системд холбогдсон боловч засвар үйлчилгээ хийгээгүй тул барилгын чанар муу, зураг төсөл байхгүй, ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Улмаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон уг барилга, байгууламжийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах НИТХ-ын шийдвэр 2010 онд гарчээ. Одоогоор Эмийн үйлдвэрийн газар нь нийслэлийн өмчид бүртгэлтэй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эмийн үйлдвэрийн газрын барилгажих боломжтой 3150 ам метр газрыг дуудлага худалдаанд оруулах бөгөөд дөрөвдүгээр сарын 15 гэхэд уг барилга, хашааг чөлөөлсөн байх шаардлага хүргүүлнэ. Энэ бол төрийн өмчийг хууль бусаар ашиглан, дарагдуулж, ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй байсаар балгас болгон үнэгүйдүүлж буй тохиолдлуудын нэг. Үүнийг нийслэлээс дуудлага худалдаанд оруулахад хууль, эрх зүйн ямар нэг зөрчил байхгүй” хэмээлээ.

Тус барилга нь “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах бөгөөд Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун талаар нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийг 3 дугаар сургуультай холбосон авто замын трасс байгаа юм.