Монгол Улсад хорт хавдрын эм, оношилгоог сайжруулахын тулд “АТОМ” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
2023.11.24

Монгол Улсад хорт хавдрын эм, оношилгоог сайжруулахын тулд “АТОМ” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

“Эмийн үнийн өсөлтийн шалгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаанаар бага болон дундаас доош орлоготой орнуудад хорт хавдраас үүдэлтэй дарамт, нас баралтыг бууруулах, хавдрын зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмж, хэрэглээг сайжруулах зорилготой “АТОМ” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжихээр болсон тухай танилцуулга, мэдээлэл хийв.

Уулзалтад тус Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа болон “ATOM” хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Данни Миллер, зөвлөх Сумитра Кришнамурти болон Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

“ATOM” хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Данн Арнольд Миллер хөтөлбөрийн талаар танилцууллаа. Тэрбээр, Хавдрын хяналтын олон улсын холбоо /UICC/ бага, дундаас доош орлоготой улс орнуудад хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эм, оношилгооны хүртээмжийг сайжруулах, эдгээр эмийг үр дүнтэй ашиглах чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор “АТОМ” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Хавдрын хяналтын олон улсын холбоо нь 90 жилийн түүхтэй, эгнээндээ 172 улс орны 1150 гаруй байгууллагыг нэгтгэсэн, хорт хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хэмжээний томоохон байгууллага бөгөөд Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв, Хавдрын үндэсний зөвлөл, Хавдар судлалын сувилахуйн нийгэмлэг гишүүн нь юм. Монгол Улсын хувьд хавдарын өвчлөл өндөр, эмийн чанар, хүрэлцээ сайн биш байна. Дэлхий нийтэд хавдрын эсрэг 100 гаруй эм гарснаас Монголд 30 гаруйг л хэрэглэж байгаа учраас уг хөтөлбөр хэрэгжсэнээр хорт хавдрын эмийг боломжийн үнээр худалдан авах, хүртээмжийг нэмэгдүүлэх, оношлогооны технологи, эмнэл зүйн арга нэвтрүүлэх боломж нэмэгдэнэ гэж байлаа.

Мөн тэрбээр цааш нь, Хавдрын хяналтын олон улсын холбооноос сонгож авсан 46 улсын 2,6 тэрбум хүнээс 2020 онд 3,5 сая нь хавдараар өвчилж, 2,3 сая нь нас баржээ. Харин 2040 онд гэхэд 4 сая хүн хавдараар өвчлөх эрсдэлтэй гэсэн судалгааг хийжээ. Тиймээс бага, дундаас доош орлоготой улс орнуудад хавдарын чанартай эмийг, хамгийн чанартай үнээр нийлүүлэх зорилт тавьж байна гэв.

Уулзалтад оролцогчид, “АТОМ” хөтөлбөр нь ДЭМБ-аас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт болон бага болон дундаас доош орлоготой орнуудын нас баралт өндөртэй хавдрын өвчлөл тэр дундаа эхний ээлжинд хөхний хорт хавдрын эмчилгээнд нэн тэргүүнд анхаарч байна. Хэд хэдэн шалгуураар гишүүн орнуудаас 46 улсыг сонгон авсныхаа 10-т нь чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд эдгээр улсаас эхний ээлжинд Монгол, Эль Сальвадор, Замби гэсэн гурван оронд үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болжээ. Манай улсын хувьд эмийн үнэ, чанартай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын байгууллагын шууд худалдан авалтын тогтолцоог нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хийж буй учраас уг хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хорт хавдрын эсрэг чанартай эмийг хямд үнээр авах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа талаар ярилцлаа.