Н.Учрал: Эмийн жорыг E-Mongolia системээр олгодог болж байна
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл өглөө.
"2023 оны арванхоёрдугаар сард эрүүл мэндийн салбарын цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд ЭМЯ, ЦХХХЯ хамтарч ажиллалаа. Үүний үр дүнд долоон системийг мэдээлэл солилцох бололцоогоор хангалаа. Үүнд:
1. Бүх төрлийн эмийн жорыг E-Mongolia системд орууллаа. Нэг жилийн хугацааны эмийн архив хадгалагдана. Жор бичиж буй эмч системд шивж оруулахад жор бичигдэнэ. Үүнийг иргэн эмийн санд үзүүлж, эмээ авах юм.
Эмийн жорыг гараар бичихээр гаргац муутайгаас буруу эм өгөх тохиолдолд гардаг байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр эмийн жорыг хуурамчаар үйлдэж, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг авсан гэмт хэргүүд бүртгэгджээ.
Жороор олгодоггүй эмийг системд оруулаагүй, иргэд эмийн санд ороод шууд авна гэсэн үг. Зөвхөн жороор олгодог эмүүд л системд орсон. Эмийн гаж нөлөөний талаарх мэдээлэл мөн багтсан.
Өрхийн эмнэлгийн систем ХУР системтэй холбогдоогүй байсныг үр дүнд хүргэлээ.
2. Дүрс оношилгооны дүгнэлтүүдийг системд орууллаа. Иргэний дүрс оношилгооны дүгнэлтүүд хадгалагдана.
3. Шинжилгээний хариу. Иргэн заавал эмнэлэгт очиж шинжилгээний хариугаа авах шаардлагагүй болж байна.
4. Хүүхдийн вакцины гэрчилгээ. Хүүхэд тань вакцин хийлгэх шаардлагатайг E-Mongolia системээр түрүүлж мэдэгддэг болно.
5. Амбулаториор эмчлүүлэгчдийн карт.
6. Жирэмсэн эмэгтэйн хяналтын карт.
7. Эх хүүхдийн дэвтрийг /Ягаан дэвтэр/ цахим болгох ажлыг хийж дуусгалаа.
Өнөөдрөөс эмийн жорыг цахим болгож байна.
Тавдугаар сарын 4-нөөс өмнөөс бусад зургаан системийг долоо хоногийн дараалалтайгаар нэвтрүүлэх юм. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд мэдээллээ солилцох боломжтой. Иргэдийн хувийн мэдээллийг хадгалахгүй.
Тавдугаар сарын 4-нд E-Mongolia 4.0 хувилбарыг олон нийтэд танилцуулах үеэр дээрх долоон үйлчилгээ цахимжина.
Одоо туршилтын хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон иргэдэд эдгээр үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар сургалт зохион байгуулж эхэлсэн" гэж танилцууллаа.
Эрүүл мэндийн салбарыг цахим болгох төсөл 2015 оноос Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэйгээр эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас уг төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийлгэхэд 29% нь хэрэгжсэн байна гэсэн дүгнэлт гарч, 1.7 сая төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилсэн байна. Үүнтэй холбогдуулаад уг төслийг хэрэгжүүлэх нэгжийг АТГ-аар шалгуулахаар болжээ.