2024.02.22
БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР, ДАШИНЧИЛЭН СУМДАД АЖИЛЛАЛАА
Аймаг, сумдын Онцгой комисст дэмжлэг үзүүлэх, зудын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг удирдлага зохион байгуулалтаар хангах шуурхай бүлгүүдийг засгийн газраас байгуулсан. Миний ахалсан ажлын хэсэг Булган аймгийн Баяннуур, Дашинчлэн сумдад ажиллалаа.
Эдгээр сумдад сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал хүндэрсэн. Нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, тал газартаа 30-40см, гуу жалгандаа 90-150 см зузаан цастай байна. Баяннуур сум 24 мянга гаруй, Дашинчлэн суманд 3 мянга орчим толгой мал хорогджээ. Нэн ялангуяа Баяннуур сумын хувьд нийт малын 17 хувь хорогдож, зарим өрх малынхаа 70 хүртэл хувийг алдаад байна.
Ажлын хэсэг 2 сумын Онцгой комиссын гишүүдтэй өргөтгөсөн хурал зохион байгуулж, нөхцөл байдлыг сонсож, дараах чиглэлд нарийвчилсан тооцоо судалгааг, хийж мэдээллийг нэгтгэж байна. Энэ хүрээнд:
- Шаардлагатай өвс, тэжээлийн хэмжээг малчин өрх бүрээр нарийвчлан гаргаж, хэд хоногийн хугацаанд ямар нөөц хэрэгтэй талаарх судалгаа, төсвийг гаргаж танилцуулах
- Өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр авах хэрэгцээ шаардлага, хэдэн хувийн хөнгөлөлт үзүүлэх, малчин өрхүүдэд шаардлагатай зээл, зээлийн боломжийг судалж танилцуулах
- Хаагдсан зам гүвээг нээхэд шаардагдах хугацаа, машин техникийн хүрэлцээ, шаардагдах шатахуун, түлшний тооцоог нарийвчлан гаргах
- Малын хүчит тэжээл, амин дэм, эрдэс тэжээлийн хэрэгцээ, олдоц, үүнийг нийлүүлэх эх үүсвэр, нөөцийг судлах
- Сумын Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах, аймгийн давсан орлогыг зарцуулах холбогдох шийдвэрийг хууль эрх зүйн хүрээнд гаргах, цаг алдалгүй бусад санхүүгийн нөөцүүдийг зарцуулах
- Мал ихээр хорогдсон өрхийн тоог гаргах, малжуулах төсөл хөтөлбөрт хамруулах асуудлыг судлах, улаан загалмай зэрэг байгууллагуудаас үзүүлэх тусламж дэмжлэгт хамруулах
- Малчин өрх бүртэй уулзалт ярилцлага хийж, тулгамдсан асуудлыг сонсох, тохирсон арга хэмжээг авах, зөвлөмж заавар өгөх
- Сумын Онцгой комисст ажиллаж хүмүүсийн цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэгт анхаарах зэргээр ажиллаж байна.