Б.Энхбаяр: "Аюуд тауер"-ыг дээрэмдсэн хэрэгт хуулийнхан өөрсдөө оролцсон
2024.02.16

Б.Энхбаяр: "Аюуд тауер"-ыг дээрэмдсэн хэрэгт хуулийнхан өөрсдөө оролцсон

Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийв.

Энэ үеэрээ: "Засгийн Газраас гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хууль бусаар булааж авсан гэх асуудлаар 2 жилийн өмнө ажлын хэсэг байгуулж, Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Одоо ч үргэлжлүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд 50 гаруй гадаадын хөрнгө оруулагчийг хохироосон гэх асуудлыг шийдвэрлэсэн.

Сүүлийн үед ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Хятадуудад үйлчиллээ гэх санхүүжилттэй, төлбөртэй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байгаатай холбогдуулан тайлбар хийхээс өөр аргагүй боллоо. Хотын төвийн "А" зэрэглэлд, Сүхбаатарын талбайн яг урд 14000 мкв "Аюуд тауэр" гэх БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан барилгыг өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол ирсэн. Энэ гомдолтой холбоотойгоор Засгийн Газар 2 удаа тогтоол гаргаж, уг асуудлыг ХЗДХ-ийн сайдад хариуцуулж шийдвэрлүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн. Нэг нь Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байх үед, нэг нь намайг ХЗДХ-ийн сайдаар томилогдсоны дараа. Ингээд ажлын хэсэг гаргаж шалгасан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж танилцуулсан. Тус шалгалтын дүнгээр олон ноцтой асуудлууд тогтоогдсон.

Өмчийн эзэн болох БНХАУ-ын иргэн өмч шилжүүлэх гарын үсэг зураагүй байхад нь хуурамч гарын үсэг зурж, нотариат түүнийг нь баталгаажуулсан. Энэ нь тогтоогдсон. Тухайн нотариатч нь уг үйлдлийг хийснийхээ дараа АНУ-руу зугтаасан.

Улсын бүртгэлийн байгууллага өмч шилжүүлэхэд шаардлагатай 11 асуудлын 8 нь шаардлага хангаагүй байхад бүртгэл хийж, хөрөнгийг нь шилжүүлсэн. Монгол Улсын хил хамгаалах байгууллага тухайн өмчийн эзэн БНХАУ-ын иргэнийг ямар ч хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад саатуулах этгээдийн жагсаалтанд оруулсан байсан нь тогтоогдсон. Олон хүн тус асуудалд оролцсон. АТГ, ЭЦГ дээр гомдол гаргаж, нийтдээ 8 удаа эрүүгийн хэрэг үүсгэж, үүнээс 4 удаагийн эрүүгийн хэрэг дээр хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн.

Энэ асуудал бол манай маш олон хууль хяналтын байгууллагийн албан тушаалтнуудын оролцоотой. Цаанаа эрх бүхий хүний нөлөөтэйгээр зохион байгуулалтайгаар хийгдсэн ажиллагаа байна гэж үзсэн.

Тийм учраас уг асуудлаар албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн байгууллага, Хил хамгаалах байгууллага, Нотариатын байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцсон. Намайг тэдгээр хүмүүст хариуцлага тооцлоо гэж, Хятадын талд үйлчиллээ гэдэг байдлаар гүтгэлэг явуулж байна. Хүний хөрөнгийг дээрэмдсэн тэдгээр хүмүүс гүтгэлэг явуулж байна. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий прокурорт шалгалтын дүнг бүрэн эхээр нь хүргүүлсэн. " гэлээ.