Ц.Туваан: Төвийн бүсийг дөрвөн чиглэлээр хөгжүүлэх нөөц, боломж бий
2024.01.31

Ц.Туваан: Төвийн бүсийг дөрвөн чиглэлээр хөгжүүлэх нөөц, боломж бий

УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.

-Монгол Улсыг бүсчилж хөгжүүлэх асуудлыг ярьж байна. Үүнийгээ сонгуулийн тойрогтойгоо уялдуулж хийхээр шийдвэр гаргасан. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Бүсчилсэн хөгжлийн бодлогыг би дэмжиж байгаа. Бүр хоёр гараа өргөөд шүү. Яагаад гэхээр Монгол Улс том газар нутагтай, цөөн хүн амтай, таруу байрлалттай, засаг захиргааны маш олон нэгжид хуваагдсан учраас бүсчилж хөгжүүлэх шаардлагатай гэж боддог. 2001 онд Бүсчилсэн хөгжлийн бодлого гэж баталсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл дорвитой юм хийгээгүй. 2005 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед аймгуудыг бүст хуваасан шийдвэр гаргасан ч мөн л хэрэгжээгүй. Яагаад гэхээр бүсийг дагуулж сонгуулийн буюу УИХ-ын тойргийг зааж өгөөгүйтэй холбоотой. Би Төв аймгаас Их хуралд сонгогдсон. Бүсчлэл ийм болно гээд Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дээр ажиллаад байх боломжгүй байсан. Одоо харин Их хурлын тойрогтой нь уялдуулаад өгөхөөр хүссэн хүсээгүй бүсийн бодлого явахаас өөр аргагүй болно.

-Төвийн бүс бусад бүстэй харьцуулахад тээвэр логистик сайн хөгжсөн, газар тариалан, мал аж ахуй гэх мэт маш их нөөцтэй. Тэгэхээр ямар чиглэлээр энэ бүсийг хөгжүүлбэл оновчтой гэж та бодож байна вэ?

-Төвийн бүс буюу УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог. Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг орж байгаа бүс нутаг бол дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн нутаг. Бүсийн хөгжлийн суурь нь дэд бүтэц. Дэд бүтцийн хамгийн сайн хөгжил энд байгаа учраас бусад бүс нутгаас түрүүлж хөгжих, монголчуудыг хоолтой хонох уу, хөнгөн үйлдвэр, түүхий эдтэй байх уу гэдгийг шийдэх бүс нутаг энэ байгаа юм. Энэ ч утгаараа би төвийн бүсийг дөрвөн төрлийн үйлдвэрлэл хөгжүүлж байж хөгжинө гэж үзэж байгаа.

Нэгд, хүнд үйлдвэрлэл. Сэлэнгэ дээр төмөртэйн орд бий. Тэндээс төмөр, Түшиг сумаас коксжих нүүрс, авчраад Дархан дээр боловсруулалт хийгээд төмрийн фэлит үйлдвэрлээд гаргавал гурав, дөрөв дахин өртөг шингэнэ. Хоёрт, энэ бүс нутагт уламжлалаа дагаад хөнгөн үйлдвэр нэлээд сайн хөгжсөн. Тиймээс арьс ширний цогцолбор, Дархан нэхий, Дархан минж, хивсний үйлдвэр гэх мэт хөнгөн үйлдвэрүүд ажлын байр бий болгож, нэмүү өртөг шигээж болно. Гуравт, газар тариалан, мал аж ахуйн салбар. Энэ бүс нутагт Монгол Улсын хүн амын гуравны хоёр нь амьдарч байгаа. Нийслэл Улаанбаатар, Дархан-Уул гээд. Энэ олон хүнээ дагаад зах зээл байна гэсэн үг. Тиймээс сайн дэд бүтцээ ашиглаад энэ зах зээл рүү хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж борлуулах боломжтой. Дөрөвт, энэ бүсийн яг голд буюу Улаанбаатар хотоос 220 км дээр Дархан-Уул аймаг бий. Тиймээс баруун талаасаа Орхон аймаг буюу Эрдэнэтийн засмал зам, төмөр зам нийлж ирээд, хойноосоо Сэлэнгээс ОХУ-ын зам, урдаас Улаанбаатар БНХАУ руу явж байгаа замын гол зангилаа цэг үүсгэх боломж Дарханд байгаа. Энэ утгаараа тээвэр логистикийн төв байх боломжтой. Мөн аялал жуулчлалын салбар хөгжих боломжтой. Энэ бүс нутгууд гол мөрний сав дагуу байгаа учраас байгалийн үзэсгэлэн цогцолсон газар дээр аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээний салбар ч хөгжих боломжтой.

-Гэхдээ Их хурлын сонгуулийн томсгосон тойргоос залуу болон шинэ хүмүүс нэр дэвших боломжгүй гэж байгаа. Тэгэхээр парламентад олон намын төлөөлөл орох боломжийг хаах юм биш үү?

-Манай төвийн бүсэд намууд 10, 10 хүн нэр дэвшүүлж, 10 хүн сонгогдоно. Тэгэхээр шинэ залуу, танигдаагүй гэдэг юм уу улстөрчид сонгогдох боломж багатай юм шиг харагдаж байгаа. Гэхдээ шулуухан хэлэхэд ард түмэн эрх баригчдын сүүлийн найман жил хэрэгжүүлж байгаа бодлогоос залхсан. Юу, юу ямар хулгай луйвар гарсныг ч мэдэж байгаа. Тиймээс цэвэрхэн буюу ямар нэгэн муу юманд холбогдоогүй, нэр цэвэр хүмүүсийг сонгох магадлал өндөр байгаа. Тиймээс үүнийг тойргийн сул тал гэж харахгүй байгаа.

-Тойргийн системээр явахаар бүсийн дарга гэж нэр томъё гарч ирэх байх. Тэгэхээр багагүй хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэх үү?

-Үүний эхлэлийг хийгээд явж байгаа. Тухайлбал, Сэлэнгэ аймгийг бүсийн төв байна гээд хуульд заачихсан. Гэхдээ би Дархан-Уул аймгийг бүсийн төв байсан нь зөв гэж бодож байгаа. Хамгийн их хүн амтай гэдэг утгаараа Сэлэнгэ аймаг бүсийн төв байна гэж хуульд заасан. Манайхан төв байх, дарга болох гэдэг дээр ач холбогдол өгдөг. Гэтэл эхнээсээ жаахан буруу яваад байгаа.

Нөгөө талаараа энэ өмнө нь манайд хэрэгжиж байгаагүй тогтолцоо учраас үүнийг дагаад янз бүрийн шинэчлэл хийхийг үгүйсгэхгүй. Тиймээс амьдралд ойр алдаагүй шийдвэр гаргаж л явах хэрэгтэй. Бид 30 гаруй жил алдаж, сэглэж явсаар байгаад өнөөдөр хаашаа ч хөдлөж чадахгүй байдалд орчихлоо. Тэгэхээр энэ алдааг бид дахин давтаж болохгүй.

-Өмнө нь нэг гишүүн дангаараа шийдвэр гаргаад явдаг байсан бол 2024 оны сонгуулиас хойш бүс нутгаас сонгогдсон 7-10 гишүүн нэгдэж, зөвшилцөж байж шийдвэр гаргаад явах нь. Тэгэхээр бүсийн гишүүдийн бүлэг ч гэдэг юм уу баг ч гэдэг юм уу бүтэцтэй болох уу?

-2024 оны сонгуулиар холимог тогтолцоогоор сонгогдсон 126 гишүүнтэй болно. Үүнээс улсын хөгжлийг бодоод явах тойроггүй, араасаа таталдахгүй 48 гишүүнтэй байна. Энэ бол том хөгжил. Гэхдээ Монгол орны том газар нутгийг эзэнгүй орхиж болохгүй. Тэнд байгаа ард иргэдийн эрх ашгийг хамгаалж, дуу хоолойг сонсохгүй орхиж болохгүй учраас 78 гишүүнийг мажоритар тогтолцоогоор сонгож байгаа. Миний бодлоор олдог бол УИХ дээр сар хагас улс төржөөд ялсан нам нь ялсан шиг ялагдсан нам нь ялагдсан шиг байгаад ажлаа бодоод, хийгээд явахгүй бол бүтэн дөрвөн жилжингээ нэгнийгээ муухай хараад, нэгнийхээ ажлыг гацаагаад яваад байгаа нь манай хамгийн том чөдөр болчихоод байгаа юм.

Тиймээс нэг бүс нутгаас сонгогдсон 10 хүн хоорондоо нэг лобби бүлэг гэдэг шиг бүлэг болоод бүсийнхээ асуудлыг яриад, шийдээд явбал том биш ч зөв эхлэл тавигдана.

-Ярилцсанд баярлалаа.