Олон улсад органик үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүнийг дэмжиж байна
2024.01.10

Олон улсад органик үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүнийг дэмжиж байна

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон Ч.Ундрам бүхий гишүүд хамт санаачлан боловсруулж (2023.03.16) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Олон улсын түвшинд үйлдвэрлэлийн чиг хандлагад өөрчлөлт орж байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүнийг дэмжиж байна. Манай улс 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан.

Органик бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжин зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортод гарах боломж бүрдэж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт 2030 болон Монгол Улсын урт хугацааны бодлого Алсын хараа 2050-д дэвшүүлсэн зорилтуудад хүрэх юм.