О.Цогтгэрэл: Бүхий л салбарт хомсдолын социалист систем морилж байна
УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Монгол Улс сүүлийн жилүүдэд эрх баригчдын бодлогын үр дүнд бүхий л салбарт хомсдолын социалист систем морилж байна. Бүх салбарт төр оролцож эхлэхээр бараа бүтээгдэхүүний хомсдол үүсдэг.
Эрх баригчдын зүгээс явуулж байгаа арга хэмжээ, бодлогууд гоёор хэлбэл, хачирхалтай. Өглөө нь "Эрчим хүч тасарна" гэснээ орой нь "Тасрахгүй болчихлоо" гэдэг. Бензин шатахуун тасрах чимээгээр "Хангалттай" гэж мэдээллэдэг. Нэг сайд нь "Татвар нэмнэ" гэхэд нөгөө нь "Нэмэхгүй" гээд л нэгдмэл бодлого алга.
УИХ-ын дарга нь индэр дээрээс үл үзэгдэх далд хүчний тухай яриад иргэдээрээ таавар таалгаад сууж байна.
Хотын дарга нь 12 цагийн дараа дүрэм журмыг өөрчилж тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийж, сургууль, цэцэрлэгийг хаана, хаахгүй гэх юм.
Долоо болон сарын дараах асуудлыг төлөвлөмөөр байдаг. Монголын хөдөө аж ахуйд зарчмын шинэчлэл хийсэнгүй.
Эрх баригч нам бизнесийн байгууллага уу. Гишүүдээ хоёр өрөө байраар шагнах мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсан. Системийн авлига хомсдолын социализмаар илэрч гарч байна" гэв.