Монгол Улсын Их Хурлаас гарсан уриалгыг биелүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо
2023.12.14

Монгол Улсын Их Хурлаас гарсан уриалгыг биелүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг нар өнөөдөр (2023.12.12) Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, тус Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Комиссын гишүүн Я.Цэлмэнтэй уулзлаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойг угтан, Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу уг ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хуралдуулсан билээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг хүндэтгэлийн хуралдааны индрээс үг хэлэхдээ, Монгол Улс Хүний эрхийн конвенц, гэрээ, пактуудаар хүлээсэн үүргээ биелүүлж, Хүний эрхийн төлөв байдлын талаар НҮБ-ын Хүний эрхийн хороо, бүтцийн бусад байгууллагуудад тайлагнах механизм бүрдүүлж, парламентаас манлайлж ажиллах; Гэрээ, конвенцуудад дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, олон улсын гэрээний заалтыг шүүн таслах үйл ажиллагаанд хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын гэрээний үүрэг, зөвлөмжийн биелэлтийн явцыг Улсын Их Хуралд тогтмол тайлагнадаг журамд шилжиж, нээлттэй сонсголоор хянан хэлэлцэх; зэрэг найман уриалга дэвшүүлсэн.

Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, тус Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Комиссын гишүүн Я.Цэлмэн нар Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаарх зохицуулалтыг хэрэгжүүлэх, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас гарсан уриалгыг биелүүлэх арга хэмжээг танилцуулсан юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаарх зохицуулалтын хэрэгжилтэд байр сууриа илэрхийлэхийн сацуу Улсын Их Хурлаас гарсан уриалгыг биелүүлэх уг арга хэмжээтэй холбогдуулан санал солилцож, үүрэг, чиглэл өглөө. Уулзалтад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Тамгын газрын тэргүүн дэд дарга М.Үнэнбат нар байлцав.