Н.Учрал: Монгол Улс далайд гарцгүй ч оюун санааны далайгаар бусад улс руу нэвтрэх хаалгатай
"Монголд тавтай морил" уриан дор Монголын эдийн засгийн чуулган-2023 энэ сарын 9-10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Чуулган хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлж буй олон зочдыг хамруулсан үр дүнтэй арга хэмжээ болсон юм. Энэхүү арга хэмжээ Монгол Улсын мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгчид болон ОУ-ын түншүүд хооронд үр өгөөжтэй хамтын ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх суурь болно гэж итгэж буйгаа Цахим хөгжил, Харилцаа, холбооны Н.Учрал онцоллоо.
Монгол Улсын засгийн газар дасан зохицох чадвартай эдийн засаг, хүртээмжтэй нийгмийг бий болгохыг зорьж “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулсан. Мөн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн мэдлэгт суурилсан эдийн засагт хүрэх замыг нээхийн тулд "Mining to Mind" санаачилга гаргасан.
Бид сорилтоос үргэлж боломжийг олж харсаар ирсэн бөгөөд далайд гарцгүй байж болох ч оюун ухаанаар түгжигдээгүй. Монгол Улсын байгалийн нөөцөд түшиглэсэн эдийн засгаас технологид суурилсан эдийг засагт шилжүүлэх нь эдийн засгаа төрөлжүүлэх гол арга зам юм.
Монгол Улс цахим шилжилтийг төр болон хувийн хэвшлийн хүрээнд хурдацтай нэвтрүүлж байгааг энд дурдахад таатай байна.
Эстони улсын Цахим засаглалын академийн өгөөмөр дэмжлэгтэйгээр бид 2020 оны 10 дугаар сард И-Монгол төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлж, 23 төрийн байгууллагын 181 үйлчилгээг олон нийтэд танилцуулж байлаа. Тэгвэл тун саяхан бид 81 төрийн байгууллагын 1000 гаруй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, урьдчилан таамаглах аналитик чадвартай И-Монгол 3.0 хувилбарыг нээсэн. Эдгээр шинэчлэл нь иргэн төвтэй засаглал, хүний эрхийг дээдлэх, авлигатай тэмцэх, нээлттэй, ардчилсан нийгмийг хөгжүүлэх эрмэлзлээс үүдэлтэй.
- Мөн бид төрийн цахим үйлчилгээний платформтой адил хуулийн этгээдэд зориулсан “И-Бизнес” платформыг нэвтрүүлсэн. Энэхүү платформ нь 600 гаруй үйлчилгээтэй бөгөөд тэдгээрийн 400 нь зөвшөөрлийн үйлчилгээнүүд юм.
- И-Монголиа нээснээс хойш бид 28 сая үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн санд нээлттэй мэдээллийн хандалтыг идэвхтэй бий болгосон.
- Түүнчлэн “Mindgolia” платформоор дамжуулан төрийн байгууллагуудын программ хангамжийн худалдан авалтыг оновчтой болгож байна. Цахим хөгжлийн багц хуулиуд хэрэгжиж эхэлснээр цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн үр дүн гарсан ч цаашид улам эрчимжүүлэхийн тулд 120 гаруй хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлээд байна.
НҮБ-ын цахим засгийн хөгжлийн индексээр Монгол Улс 2022 онд 18 байраар ахиж 74 дүгээр байрт жагссан. B2C цахим худалдааны индексээр Монгол Улс 2020 онд дэлхийн 152 орноос 61 дүгээр байрт орсон бол Иргэдийн цахим оролцооны индексээр 2022 онд 193 орноос 57 дугаар байрт оржээ.
Цаашлаад Монгол Улс цахим үйлчилгээний индексээр 79 дүгээр байрт жагслаа. Эдгээр индексүүд нь бидний ахиц дэвшлийн бодит хэмжүүр болж, цаашид улам ихийг бүтээх урам зоригийг өгдөг. Холболт, дэд бүтцийг хангах тал дээр тоон хуваагдлыг бууруулахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 4 сая гаруй хүн ухаалаг утас хэрэглэж, 4.2 сая иргэн, хуулийн этгээд интернэтэд холбогдсон нь тус улсын 3,4 сая хүн амтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Дэд бүтцийн хувьд шилэн кабелийн сүлжээ нь Монгол Улсын 331 сумын 325-ыг хамарч, бид 4G сүлжээний хамрах хүрээгээр 143 орноос 46-д, 3G сүлжээний хамрах хүрээгээр 144 орноос 14-т жагсаж байна. Бид ойрын хугацаанд 5G сүлжээ болон нам орбитын хиймэл дагуулын холболтыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Нам орбитын хиймэлд агуулд суурилсан өндөр хурдны интернетийн үйлчилгээ эрхлэгч компаниудын төлөөлөл бол “Старлинк” компани манай улсад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авлаа.
Одоо бид дижитал гарааны бизнес, инновацын экосистемийг бэхжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд анхаарч байна. Бид гарааны бизнесийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай 5 хүртэлх жилийн хугацаанд татвараас чөлөөлөх болон бусад чухал урамшуулал, буцалтгүй тусламж зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг тодорхойлсон.
Мэдээллийн технологийн тусгай бүсийг бий болгож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийг татвараас чөлөөлж бизнесээ явуулах, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэн тэдний санаа бодлоор бүтсэн бүтээгдэхүүнээр дэлхийг хамтдаа байлдан дагуулахыг зорьж байна.
Бид цахим хөгжил, дижитал эдийн засгийн бүс нутгийн механизмыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байгаадаа баяртай байна.
Монгол Улс бол далайд гарцгүй орон. Гэсэн хэдий ч ОУ-ын түншүүдийн дэмжлэгээр бид оюун санааны далайгаар бусад улс руу нэвтрэх үүд хаалгатай тул та бидний хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна хэмээн ЦХХХ-ны сайд Н.Учрал онцолжээ.