Нийслэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ
2023.07.06

Нийслэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргалаа. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.7, 32.1.8 дахь заалт, 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь заалт, Авто замын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн дээд болон яам, Засгийн газрын агентлаг, хууль сахиулах, тусгай чиг үүргийн буюу гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээд, эмнэлэг, эмийн сан, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэдийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийг Бага тойруу доторх авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Баасанжав)-т, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (О.Ганбат)-т тус тус үүрэг болгосугай.

2.Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд болон Бага тойруу дотор үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 20 хүртэлх хувийг ажлын байранд ажиллуулж, үйл ажиллагааг нь цахимаар зохион байгуулах арга хэмжээг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын буюу 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай.

3.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 00:00 цаг хүртэл Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд урлаг, спортын тэмцээн, уралдаан, жагсаал, цуглаан болон олон нийтийг хамарсан бусад арга хэмжээг зогсоож, хязгаарлах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох дүүргүүдийн Засаг дарга нарт болон бүх шатны нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосугай.

4. Үерийн аюул, гамшгийн бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, үерийн хор уршгийг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулахыг нийслэл, дүүргийн Онцгой комисс болон нутгийн захиргааны нийт байгууллага, дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Гудамж, зам, талбай, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчныг халдваргүйжүүлэх арга хэмжээг шуурхай авч, эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), Нийслэлийн Эрүүл мэндийн газар (Д.Цэнд-Аюуш)-т тус тус үүрэг болгосугай.

6.Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар олон нийтэд үнэн, зөв мэдээллийг шуурхай хүргэж байхыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т даалгасугай.

7. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй, хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлж, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлж байхыг нийт иргэд, олон нийтэд уриалсугай.

8. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд даалгасугай.