Дэлхийн эх газрын 40 хувь нь цөлжилтийн доройтолд өртөөд байна
2026 онд Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын бага XVII хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулж НҮБ-ын суурь конвенцын гүйцэтгэх захирал Ибрахим Тиаутай уулзалт хийлээ.
Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш. Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь доройтолд өртөөд байгаа. Эдгээр бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогддог байна.
МОНГОЛ ОРНЫ НИЙТ НУТГИЙН 76.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨРТӨӨД БАЙГАА. ТҮҮНИЙ 56 ХУВЬ НЬ БАЙГАЛИЙН ҮЗЭГДЭЛТЭЙ, 44 ХУВЬ НЬ ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ байна.
Иймээс дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталж, 195 улс орон нэгджээ.
Монгол Улс 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг
Сүүлийн 75 жилд газрын гадарга орчмын агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулааран, жилд орох хур тунадасны хэмжээ 7 хувь орчим багасжээ. Хангайн бүсэд дунджаар 10 жилд 1-2 удаа, говийн бүсэд 2 жилд 1 удаа, хээрийн бүсэд 3 жилд нэг удаа болдог ган, хөрсний усаар болон салхиар эвдрэн өөрчлөгдөх болсон нь манай орны цөлжилтийн нөлөө аж.