Хорих ангиудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд Баянзүрх дүүргээс дэмжиж ажиллана
БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 407,421 дүгээр ангиудад ажиллаж тулгамдаж буй асуудал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хийх ажлын талаар санал солилцлоо.
Тэрээр эхэнд 407 дугаар ангийн хувьд эмэгтэйчүүдийн хорих ангийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Өнөөдрийн байдлаар энд хоригдож буй эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь хүн залилсан, 20 орчим хувь нь хүний амь насыг хохироосон, 10% нь шинэ төрлийн гэмт хэрэг болох мансууруулах бодис, хар тамхины хэргээр хоригдож байгаа аж.
Хоригдож буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь өрх толгойлсон, ямар нэг ар гэрийн дэмжлэггүй, насны хувьд 25-45 насны цэл залуу насны эмэгтэйчүүд байна.
Эндээс харахад гэмт хэрэг үйлдэж буй эмэгтэйчүүдийн насжилт залуу, амьдралын нөхцөл байдал тааруу гэдэг нь харагдана. Энэ хүрээнд тус ангид, ялангуяа эмэгтэйчүүд хоригддог учраас шаардлагатай сургалтын өрөө, кабинет тохижуулах, соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй өрнүүлэх хэрэгцээ шаардлагатай. Үүнийг дүүрэг орон нутгийн зүгээс бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно гэдгээ тэрээр илэрхийлэв.
Харин 421-р нээлттэй ангид эрэгтэйчүүд хоригддог. Хоригдож буй эрчүүдийн дийлэнх нь эрүүл мэндийн өвчин, зовиур, гэмтэлтэй. Учир нь тухайн хүмүүсийг хөдөө, орон нутгийн хорих ангид хорьсон тохиолдолд эмнэлэг, эмчилгээ гээд олон асуудал яригддаг учраас тухайн хүний эрүүл мэндийн асуудлыг харгалзаж энд хорьдог талаар ангийн удирдлагууд хэллээ. Мөн тус хорих ангид хяналтын теле камер, дотор гадар тохижилт, цайны газрын засвар нэн шаардлагатай. Үүнийг дүүрэг орон нутгийн зүгээс шат дараатайгаар шийдвэрлэхээ энэ үеэр мэдэгдэв.