2023.06.23

Ж.Батжаргал: Авлигатай тэмцэх хөтөлбөрт нийгмийн соён гэгээрүүлэх ажлыг тодорхой тусгах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2023.06.16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Авлигатай тэмцэх хөтөлбөрөө шинэчлэн баталж байна. Бид яах аргагүй энэ чиглэлд хүсэл зорилго гаргаж сайн ажиллах ёстой. Нийгмийн соён гэгээрүүлэлтийн ажиллагааг идэвхтэй явуулах ёстой. Энэ хөтөлбөрийн гол агуулга үүнд төвлөрөх хэрэгтэй. Мөн ил тод байдлын хангалтын асуудлыг онцгойлон авч үзэх ёстой.

Эдийн засагт төрийн оролцоог хязгаарлах, бууруулах чиглэлээр тодорхой зохицуулалт орох хэрэгтэй. Ялангуяа төсөвт орж ирж байгаа орлогыг харахаар заяагдмал баялаг дээр суурилсан орлого, амьжиргаа давамгайлаад байгаа юм. Үүнийг дагасан асуудлууд гараад байна гэдэг нь өнгөрсөн цаг хугацаанд гарсан бүх асуудлууд үүнтэй холбогдож буй. Тиймээс заяагдмал байдал дээр тулгуурласан аж ахуйн зохион байгуулалт, үр өгөөжийн дээшлэлтийн асуудлыг олон нийтийн оролцоо, хяналтад аваачих эрх зүйн орчинг бид бүрдүүлж өгөх ёстой.

Тодорхой хувьцааны тоо яриад тэр нь оролцоо юм шиг харагдаад байгаа боловч оролцоогүй олон нийтийн засаглал болчихоод байгаа юм. 1072 хувьцааг эзэмшиж буй 2 сая гаруй хүний төлөөлөл Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-д байна уу? Ямар бодлого зохицуулалтаар тэдний эрх ашгийг хамгаалж, бодлого чиглэлд оролцож явна вэ? Үр өгөөжийг дээшлүүлэх талаар ямар хяналтын чиг үүрэг хэрэгжүүлж байна вэ гээд бодоход яах аргагүй үүнийг тойрсон маш том эрх зүйн зохицуулалт хийх, олон нийтийн оролцоо хяналтыг жинхэнэ бий болгох шаардлага байна. Эрүүл систем бий болох, эрх зүйн зохицуулалтыг хийх чиглэлээр уг хөтөлбөрт ямар бодлого, чиглэл байна вэ?

Нэмүү өртөг, баялаг бүтээдэг салбараа том төслүүдээ хэрэгжүүлдэг санхүүгийн эх үүсвэр нь тодорхой, нийтлэг хямд өртөгтэй байх нь чухал. Өнөөдөр бид тодорхой салбар юм уу чиглэл яриад хязгаарласан түвшинд хямд өртөгтэй зээлийн, санхүүгийн эх үүсвэр гаргаад, үүн рүү хуруу дүрэх сонирхол олон болчихоор асуудал үүсээд байгаа юм. Банк санхүүгийн байгууллагууд нийтлэгээрээ бүх хүнд ижил тэгш боломж олгосон, хямд өртөгтэй эх үүсвэрийн асуудал байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.