Монголбанкны 2022 оны үйл ажиллагаа, Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.06.20) хуралдаан 11 цаг 17 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргаллаа. Эхлээд Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, Монголбанкны Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж, энэ талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн танилцуулав.Монгол Улсын өнгөрсөн онд дараалсан томоохон сорилтуудтай тулгарсан болохыг танилцуулгын эхэнд дурдав. Монголбанкны бодлого, үйл ажиллагаа нь цар тахал, олон улсад бий болсон геополитикийн туйлын тогтворгүй байдлаас үүдэлтэй сөрөг нөлөөг зөөлрүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, инфляцыг хязгаарлах, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн аж.
2022 онд бүс нутагт үүссэн геополитикийн хямрал, үүнээс үүдэлтэй нийлүүлэлтийн гинжин сүлжээний доголдол дэлхий нийтээр үнийн өсөлтийг эрчимжүүлж, ялангуяа эрчим хүч, хүнсний үнийг өдөөж хөгжсөн, хөгжиж буй олон орон сүүлийн хэдэн арван жилд байгаагүй өндөр инфляцтай нүүр тулсан нь Төв банкуудыг эдийн засгийн өсөлт эсвэл инфляц гэсэн хүндхэн сонголттой тулгарсныг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч онцоллоо. Дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай гүрнүүд болох АНУ, Европын холбооны орнууд одоо ч өндөр инфляц, эдийн засгийн өсөлтийн сааралттай хэвээр байгааг мөн дурдсан. Гадаад зах зээлд түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан нь манай экспортын орлогод эерэг нөлөө үзүүлсэн хэдий ч биет хэмжээгээр бүрэн сэргэж чадаагүйгээс уул уурхайн салбар 2022 онд уналттай гарсныг тайлан танилцуулах үеэр хэллээ.
Гэхдээ бодит эдийн засаг нийт дүнгээр 4.8 хувиар тэлсэн нь уул уурхайн бус салбарын сэргэлт, тодорхой хэлбэл Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлсэн зээл, санхүүжилтийн багц бодлого, томоохон төслүүдийг эрчимжүүлсэн арга хэмжээний үр дүн гэв. Ийнхүү хөдөлмөр ихээр шингээдэг худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй, боловсруулах салбаруудын өсөлт жигд хүртээмжтэй байснаар Монгол Улсын эдийн засаг цар тахлын өмнөх үеийн түвшинг давснаар сэргэлтийн төлөвт ороод байгаа хэмээн дүгнэжээ.
Дэлхий нийтээр бий болсон үнийн өсөлтийн шуургын хүчтэй нөлөө манай улсад үргэлжилсээр байгаа гэв. 2022 оны турш инфляцын талаас илүү хувийг зөвхөн импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө бүрдүүлсэн нь дотоодын үйлдвэрлэл дутмаг, импортоос өндөр хамааралтай хэрэглээний бүтэцтэй манай улсын хувьд нийлүүлэлтийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй тогтолцоог хөгжүүлэх нь инфляцыг хязгаарлахад туйлын ач холбогдолтой болохыг нотлон харуулсан байна. Мөн хоёр хөрш орны хувьд тээврийн гацаа, доголдол үүссэн нь манай улсад тээврийн хугацаа, зардлыг огцом нэмэгдүүлж инфляцыг өдөөх, эдийн засгийн өсөлтийг удаашруулах зэрэг олон сөрөг нөлөөг дагуулсан аж.
Нүүрсний экспорт 2022 оны сүүлийн хагаст эрчимжсэн хэдий ч гадаад орчны таагүй нөхцөл, хилийн хязгаарлалт өнгөрсөн оны эхний хагаст эдийн засагт сөргөөр нөлөөлж байсныг тэмдэглэв. Үүний зэрэгцээ гадаад болон дотоодын шатахууны үнийн өсөлт, эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор импорт сүүлийн 2 жил дараалан огцом өссөнөөс төлбөрийн тэнцэл жилийн дүнгээр 727 сая ам.долларын алдагдалтай гарч, улмаар гадаад валютын улсын нөөц 967 сая ам.доллараар буурсан байна. Ийнхүү өнгөрсөн онд гадаад тэнцвэр алдагдаж, нөөцийн хүрэлцээт байдал огцом буурсан тул ханш харьцангуй уян хатан, валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээс өөр сонголт Монголбанканд байгаагүй гэдгийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн танилцууллаа.
Банк, санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд Монголбанкны үйл ажиллагаа чиглэж байгааг хэлээд Төв банкнаас санаачлан хэрэгжүүлж буй “Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр”, “Банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2022 онд зарим банк олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжиж, хувьцаат компанийн өмчлөлийн хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ нь банкны салбарт том дэвшил болсныг онцолсон. Мөн төлбөрийн системийг шинэ шатанд гаргаж токен үйлчилгээний систем нэвтрүүлэх, дотоодын төгрөгийн “₮” картаар худалдааны түнш орнуудад төлбөр тооцоо гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн байна.Цар тахал, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал нь Монгол Улсын хувьд тогтвортой эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг эмзэг байдлыг маш тодоор харуулжээ.
Тухайлбал, гадаад үнээс дотоод үнэ, ханш хүчтэй хамаарч, тээвэр, логистикийн тогтвортой байдал нь бизнесийн тогтвортой байдалд маш хүчтэй нөлөөлж байгааг хэллээ. Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийн асуудал нь цаашид эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой болохыг харуулсныг Г.Дөлгөөн ерөнхийлөгч хэлсэн. Эдгээр асуудал нь мөнгөний бодлогын хэрэгслээр дангаар шийдвэрлэгдэх бололцоогүй тул Засгийн газартай энэ чиглэлээр хамтран ажиллажээ.
Мөнгөний бодлогын хороо үнийн өсөлтийг хязгаарлаж, төгрөгийн ханшийг хамгаалах зорилгоор өнгөрсөн онд шаардлагатай бодлогын тохиргоонуудыг цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, 2022 онд 5 удаагийн шийдвэрээр бодлогын хүүг нийтдээ 7 нэгж хувиар нэмэгдүүлсэн юм. Ингэхдээ эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байхад онцгой анхаарсан ба зээлийн өсөлт 2022 онд дунджаар 19 хувьд хүрчээ. Монголбанкнаас үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлсэн бодлогын шийдвэрүүд үр дүнгээ өгч 2022 оны зургадугаар сард 16.9 хувьд хүрээд байсан инфляц оны эцэст 13.2 хувь болж саарч, энэ онд ч үргэлжлэн буурах суурь нөхцөл болсон гэв. Гэхдээ гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн гаралтай болзошгүй шокууд, төсвийн тэлсэн бодлого зэрэг нь мөнгөний бодлогын үүсээд байсан орон зайг хязгаарлаж, инфляц өндөр түвшинд хадгалагдах эрсдэлийг үүсгээд байгааг тэрбээр тайлангийн танилцуулгын үеэр онцоллоо.
Цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байгааг Г.Дөлгөөн ерөнхийлөгч хэлсэн. Монголбанкны бодлого, үйл ажиллагаагаа инфляцыг зорилтот түвшинд эргүүлэн тогтворжуулах замаар эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхээр чиглүүлээд байгааг төгсгөлд нь хэлсэн.Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, Монголбанкны Хяналтын зөвлөлийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /The Financial Action Task Force FATF/ буюу ФАТФ-ын 40 зөвлөмжийн хэрэгжилт, түүний үр дагаварын талаар, ипотекийн зээл олголтын талаар тодруулсан гишүүдийн асуултад хариулахдаа Монгол Улс 2020 оны аравдугаар сард “мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалт”-аас гарсан гэдгийг тэмдэглэв. Одоогоор тус байгууллагын ямар нэг жагсаалтад ороогүй, гишүүн орнууд нь тодорхой хугацааны давтамжтайгаар холбогдох тайлан танилцуулдаг онцлогийг тайлбарласан. Өнгөрсөн онд тус байгууллагын Ази, Номхон далайн бүлэгт тайлангаа хүргүүлж, ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийн 39-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн гэсэн үнэлгээ авсан бөгөөд Ашгийн бус байгууллагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, батлуулах шаардлага бий гэв. Ингэснээр ФАТФ-ын 40 зөвлөмж бүрэн хэрэгжих юм байна. Ипотектийн зээлийн тухайд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд энэ оны эхний хагаст багтаан ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр тусгасан бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байгаа гэлээ. Ипотектийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд Төв банк, Засгийн газар хамтран бодлогын арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд төвлөрлийг сааруулах, орон нутгийн бүсчилсэн хөгжлийг дэмжих, Шинэ сэргэлтийн бодлого дахь Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутгаас уг хөтөлбөрт хамрагдах тохиолдолд урьдчилгаа төлбөрт дэмжлэг үзүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар хариулт өгсөн. Монгол Улсын татварын ачааллыг олон улсын дундажтай харьцуулсан байдлын талаарх гишүүдийн асуултад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хариулт өгөхдөө “Монголбанк энэ чиглэлд нарийвчилсан судалгаа, мэдээлэл гаргах байгууллага биш ч гэлээ бусад судалгаануудаас дүгнэж үзэхэд Монгол Улсын татварын ачаалал “өндөр бус” гэдэг ангилалд багтдаг” гэлээ. Далд эдийн засгийн талаар тодруулсан гишүүдийн асуултад Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу хариулт өгөв. Монгол Улсын татварын түвшин дэлхийн жишигтэй харьцуулахад дундаж, дунджаас доогуур байдгийг далд эдийн засгийн үүсэх шалтгаан нь орлогын бүртгэлийн тогтолцоогүйгээс үүдэлтэй гэв. Улс орнуудын хэрэглэж буй арга нь ажилтанд олгож буй цалин хөлснөөс авах нийгмийн даатгалын шимтгэлийн тал хувийг ажилтны нэр дээрх хуримтлал болгож явдаг учраас ажил эрхэлж, орлого олж байгаа хүн орлого бүрээсээ өөрт оногдох хувийг хуримтлал болгон авах зорилгоор орлого бүрээ бүртгүүлдэг байна.Түүнчлэн ажил эрхлэлтийг нэг бүрчлэн бүртгэж, түүнээс иргэн нэг бүрийн олж буй орлогыг бүртгэдэг тогтолцоог бүрдүүлэх шаардлагын талаар мэдээлэл өгөв. Бодлогын хүүгийн өөрчлөлтийн талаар тодруулсан Т.Доржханд гишүүний асуултад “Цаашид бодлогын хүү өсөхгүй, орон зай үүсэх бүрд аль болох бууруулах чиглэлд анхаарна” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Ийнхүү Эдийн засийн байнгын хороо Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, Монголбанкны Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцсэн юм.
Хуралдаанаар үргэлжлүүлэн Даатгалын салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонор даатгалын салбарын түүхэн замнал, өнөөгийн нөхцөл байдал болон эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл танилцууллаа. Монгол Улсын даатгалын салбарын үүсэл 1934 оноос эхлэх бөгөөд 1997 онд Даатгалын тухай хууль батлагдаж 2004 онд Даатгалын тухай хууль шинэчлэгдэн, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль шинээр батлагдсан байна. Санхүүгийн зохицуулах хороо 2006 онд байгуулагдсанаар тус салбарын зохицуулалтын орчин, хяналт шалгалтыг хариуцах болжээ. 2008 онд анхны урт хугацааны даатгалын компани байгуулагдсан бол Жолоочийн даатгалын тухай хууль 2011 онд, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 2014 онд батлагджээ. 2005-2015 оны хооронд Дэлхийн банкны “Малын индексжүүлсэн даатгалын төсөл” хэрэгжиж, улмаар Хөдөө аж ахуйн давхар даатгал компани энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна. 2018 онд Хөдөө аж ахуйн давхар даатгал компани “Үндэсний давхар даатгал” ХК болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бол энэ жил IPO хийж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох бэлтгэлээ хангаад байгаа юм байна.
Одоогоор тусгай зөвшөөрөлтэй 18 компани үйл ажиллагаа явуулж байгаа бол даатгалын хохирол үнэлэгч 25, даатгалын зуучлагч 63 байгаа аж. Санхүүгийн салбарын нийт бүтцийн 1 хувийг даатгалын салбар эзэлдэг байна. Манай улсын хувьд 1990 оноос хойш банкны салбар давамгайлсан санхүүгийн салбарын бүтэцтэй байсан бөгөөд сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл хурдацтай тэлж байгааг Л.Сонор дарга танилцуулав. Санхүүгийн салбарын гурван тулгуурын нэг даатгалын салбар нь өнөөг хүртэл маш бага хувийг эзэлж байгааг онцоллоо. Даатгалын салбарын нийт хураамжийн орлогыг ДНБ-тэй харьцуулсан харьцаа Монгол Улсын 2022 оны эцсийн байдлаар бол 0.63 хувь байгаа нь олон улс дундажтай харьцуулахад 10 дахин бага үзүүлэлт аж.
Дэлхийн дундаж нь 6.8 хувь байдаг байна. Даатгалын салбарын үндсэн үзүүлэлт сүүлийн арван жилд өсөж байгаа бөгөөд 2022 оны эцсээр тус салбарын компаниудын нийт хөрөнгө 475 тэрбум төгрөг болж өссөн байна. Даатгалын салбарын нийт хураамжийн орлого нь 305 тэрбум төгрөг болж нэмэгдсэн гэдгийг Л.Сонор дарга Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Үргэлжлүүлэн тэрбээр эрх зүйн орчин, технологийн шийдлийг ашиглах боломж, хуулт эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудын талаар танилцуулсан.Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан даатгалын салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав. Тусгай зөвшөөрөл бүхий 18 компаниас гадна зуучлагч, хохирол үнэлэгч, төлөөлөгч, актуарч, аудитын компани зэрэг тусгай зөвшөөрөл эрх бүхий этгээдүүд үйл ажиллагаагаа явуулдаг болохыг онцоллоо.
Өнөөдрийн байдлаар даатгалын байгууллагууд нь төв компани болон даатгалын компанийн 254, даатгалын зуучлагч компанийн 395, даатгалын хохирол үнэлэгч компанийн 90 салбар, төлөөлөгчийн газраар дамжуулан үйл ажиллагаа явуулж, 688 даатгалын бүтээгдэхүүн (нэг компани дунджаар 30 гаруй даатгалын бүтээгдэхүүн) үйлчилгээг 1.3 сая гаруй даатгуулагч иргэд, байгууллагад даатгалын 688 бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж байгаа юм байна.
2022 оны жилийн эцсийн байдлаар даатгалын компаниудын нөөц сан 12.6 хувиар өсөж 216.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 182.2 тэрбум төгрөгийг ердийн даатгалын компаниудын, 31.8 тэрбум төгрөгийг давхар даатгалын компанийн, 2.9 орчим тэрбум төгрөгийг урт хугацааны даатгалын компанийн нөөц сан бүрдүүлж байна. Тайлант хугацаанд даатгалын компаниудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөж 474.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд даатгалын компаниудын нийт хөрөнгөд эзлэх хувийг даатгагчийн төрлөөр авч үзвэл ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгө 398.2 тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын компаниудын нийт хөрөнгө 16.4 тэрбум төгрөг, давхар даатгалын компанийн хөрөнгө 60.3 тэрбум төгрөг байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцуулсан.
Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд нь 484.8 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий даатгалын эрсдэлийг хүлээн авч, 300.7 тэрбум төгрөгийн даатгалын нийт хураамжийн орлоготой ажилласан бөгөөд үүнээс, давхар даатгалын хураамжийн зардалд 100.0 тэрбум төгрөгийг шилжүүлсэн бол даатгалын компаниудын олгосон даатгалын нийт нөхөн төлбөр 94.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин давхар даатгалын компанийн хураамжийн орлого 4.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд давхар даатгалд 1.6 тэрбум төгрөгийн хураамжийг шилжүүлсэн бол 0.2 тэрбум төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт олгож ажилласан байна. Нийт даатгалын хураамжийн орлогын гуравны нэг орчим хувийг давхар даатгалын төлбөрт гадагшаа төлдөг бөгөөд салбарын бодлого боловсруулагч, хяналт зохицуулалтын зүгээс үүнийг дотооддоо үлдээх бодлого баримталж, онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэв. Тэрбээр хураамжийн орлогын бүтцийг дэлгэрэнгүй танилцуулсан. Нийт хураамжийн орлогын 33.5 хувийг давхар даатгалын хураамжийн зардалд, гуравны нэг хувь нь хураамжийн буцаалт, 10.3 хувь нь даатгалын гэрээний зардал, 4.8 хувь нь нөөцийн сан, 26.2 хувь нь нөхөн төлбөрийн цэвэр зардал, 15.8 хувь нь үйл ажиллагааны зардал, 6.3 хувь нь ашиг болдог гэсэн тоон мэдээллийг танилцуулав.
Даатгалын нягтрал буюу нэг хүнд ногдох хураамжийн орлогын харьцаа 2022 оны жилийн эцсийн байдлаар нэг ам.долларт шилжүүлбэл 25.4 ам.доллар байгаа бол олон улсын дундаж нь 900 орчим ам.доллар байдаг аж.
Санхүүгийн салбарт даатгалын зах зээлийг эзлэх хувийг нэмэгдүүлэх, тэр хэрээр энэ салбарын эрсдэлийг даах чиглэлд онцгой анхаарал хандуулах шаардлага бий гэв. Санхүүгийн зохицуулах хороо энэ хүрээнд Сангийн яам болон бусад холбогдох газруудаас саналыг авч, даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгаа юм байна.2022 оны жилийн эцсийн байдлаар ердийн даатгалын нийт хураамжийн дүнд хөрөнгийн болон автотээврийн хэрэгслийн даатгал хамгийн өндөр буюу 24.0 хувь ба 22.3 хувийг тус тус эзэлж байгаа бол гэнэтийн осол, эмчилгээний даатгал, жолоочийн хариуцлагын даатгал, хариуцлагын даатгал нь ердийн даатгалын нийт хураамжийн 37.9 хувийг, үлдсэн 15.8 хувийг бусад даатгалын хэлбэрийн хураамжийн орлого бүрдүүлсэн байна. Нөхөн төлбөрийн олголтын тухайд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын 34.4 хувьд, авто тээврийн хэрэгслийн даатгалын 28.8 хувьд даатгалын нөхөн төлбөр олгогддог байна.
Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж 40.9 тэрбум төгрөг бол үүний 31.9 тэрбум нөхөн төлбөр болгон буцаан олгодог, энэ нь олон улсын дунджаас харьцангуй өндөр дүн гэдгийг хэлэв. Үргэлжлүүлэн Д.Баярсайхан дарга малын индексжүүлсэн даатгалын талаар мэдээлэл танилцууллаа.Малын индексжүүлсэн даатгал нь тухайн сумын хэмжээнд гарсан малын хорогдлын хувиар босго үзүүлэлт буюу индекс тогтоож, түүнээс давсан хувиар мал хорогдсон тохиолдолд тухайн сумын малаа даатгуулсан даатгуулагчдад нөхөн төлбөр олгодог индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүн. Тус даатгалд даатгуулсан малчид нь ган, зуд зэрэг байгаль цаг уурын эрс тэс нөхцөлөөс үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой байдаг. Эрсдэлийн түвшний босго үзүүлэлтийг Засгийн газар тогтоодог байна.
Тухайлбал, Засгийн газрын 2020 оны 219 дүгээр тогтоолоор нэгдүгээр босго үзүүлэлтийг 5-6 хувь, хоёрдугаар босго үзүүлэлтийг 25-30 хувь байхаар тогтоожээ. Энэ нь тухайн сумын нийт малын хувиас хоргодсон малын тооны эзлэх хувь байдаг байна. Энэ хэмжээнд хохирол амссан бол тухайн малчин хохирол амссан эсэхээс үл хамаараад малын индексжүүлсэн даатгалаар тухайн сумын малчин бүр нөхөн төлбөр авах бол сумын хэмжээнд гарсан малын хорогдол босго үзүүлэлт хүргэхгүй тохиолдолд нөхөн төлбөр олгогддоггүй зохицуулалттай байдаг ажМалын индексжүүлсэн даатгалд хамрагдах хувь хэмжээ тун бага байгааг танилцуулгад дурдсан бөгөөд 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт малчин өрхийн 14.4 хувь, нийт малын 8 орчим хувь нь малын индексжүүлсэн даатгалд хамрагджээ.
Энэ хүрээнд 117.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий малыг даатгаж 3.9 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийг төвлөрүүлсэн бөгөөд хохирлыг мал тооллогын үеэр хийдэг байна. Тооллогын дараа мал хоргодсон хэмээн үзэж, тэр нь босго оноог давсан нөхцөлд малчдад нөхөн төлбөр олгодог байна. 2019 онд одоо төвлөрүүлсэн хураамж 3.8 тэрбум төгрөг байснаас 600 сая төгрөгийн нөхөн төлбөрт олгожээ. 2020 онд 3.5 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлсэн ч 2.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр, 2021 онд 3.9 тэрбум төгрөгийн хураамжийн бага хувийн нөхөн төлбөрт олгож байжээ. Урьдчилсан байдлаар тооцоолол хийгээд үзэхэд энэ жил харьцангуй өндөр дүнтэй нөхөн төлбөр олгох магадлалтай байгааг мөн дурдав. Ташрамд дурдахад, есдүгээр сард малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг олгохоор байгааг мэдээлсэн. 2022 оны хураамж 3.9 тэрбум төгрөг байгаа бол үүний 70 орчим хувийг нөхөн төлбөрт олгохоор тооцооллыг хийсэн байна. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан үргэлжлүүлэн даатгалын багц хуулийн төслийн талаарх гол зохицуулалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авч, даатгалын салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү даатгалын салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссоноор Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө