2023.05.04

Б.Жаргалмаа: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, үүсээд байгаа нөхцөл байдлыг сайжруулах боломжийг судалсан уу

УИХ-ын чуулганы /2023,05,04/-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд хоёр залууг төрийн бус байгууллагын төлөөлөл болгож нэр дэвшүүлэн оруулж ирж байна. Яг өнөөдөр Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагын тайланг харсан уу. Ямар зорилгоор Үндэсний зөвлөлд орж байна гэж өөрсдийгөө дүгнэж байна вэ? Ямар судалгаа харсан бэ.

Гишүүдийн хэлж байгаачлан шинэ салхи байгаа бол өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг засах боломж бий гэж харж байна уу? Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь Үндэсний телевизийн хуульд зааснаараа Ерөнхий захирлыг томилж, байгууллагын бүтэц зохион байгуулалт, төсвийг батлах эрхтэй. Үүний дагуу баталсан бүтэц нь хэрэгжиж байгаа эсэх, төсвийн үйл ажиллагаанд хяналт тавих, эргэж олон нийтэд мэдээллэх хуулиар хүлээсэн үүрэгтэй.

Гэтэл өнөөдөр 88 жилийн түүхтэй МҮОНР, 55 жилийн түүхтэй олон нийтийн телевиз хүний нөөцийн хомсдолд ороод байна гэдэг мэдээлэл өгсөн.  Уран бүтээлчид нь ажиллаж, уран бүтээл хийх боломжгүй болсон байна. Техник тоног төхөөрөөмжийн уналтад орсон. Радио телевизийн удирдлага, захирлууд нь ажиллах боломж, нөхцлөөр хангаж өгч чадахгүй, төсвийн зарцуулалт нь тодорхой бус байна. Мэдээлэл өгдөггүй зэрэг ийм гомдол уран бүтээлчдээс ирсэн. Энэ бүхэн дээр хяналт тавин ажиллах боломж байна уу? Та бүхэн яаж харж байна вэ?

MNB 1-р сувгийн захирал сүүлийн хоёр жилийн хугацаанд 3 удаа солигдсон. Тамгын дарга нь гурван удаа, Монголын мэдээ сувгийн захирал хоёр удаа, Радиогийн захирал нь хоёр удаа, Маркетинг хариуцсан захирал нь дөрвөн удаа солигдсон гэдэг мэдээлэл ирсэн. Хэн нэгнийг захирлаар тавьж тоглоод байдаг юм уу. Гишүүд нэхэж байна шүү дээ. Хөтөлбөрийн бодлого байна уу?

Хөтөлбөрийн бодлого хэрэгжүүлэх гол үйл ажиллагаа Үндэсний зөвлөлд байдаг. Хүүхэд багачуудад, эрүүл мэндэд зориулсан контент хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн контент байдаг, үгүйсгэхгүй. Гэхдээ цөөн тоогоор. Уран бүтээлчдийн хийх сэдлийг төрүүлэх, боломжийг Үндэсний зөвлөл хангаж өгдөг юм уу? Үүн дээр яаж ажиллаж ёстой юм бол оо.

Би өөрөө 1992-1996 оны хооронд Үндэсний олон нийтийн телевизэд ажиллаж байсан. Зах зээлийн хүнд үед уран бүтээл хийдэг байсан. Тэр үед уран бүтээлчийн сэтгэлгээ, сэдлийг нь урамшуулж дэмждэг байсан. Үүгээр олон нийтдээ зөв зүйлийг хүргэж, зөв урсгалыг, уран бүтээлийг бий болгох, хүргэх юмсан гэж ажилладаг байсан. Гэтэл одоо тэр боломжоор уран бүтээлчдийг хөглөж чадахгүй байна гэж гомдол ирж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

Түүний асуултад Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид хариуллаа.