2010.01.13

Банкны тухай багц хууль байнгын хороонд бүдрэх шахав

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Засгийн газраас санаачлан боловсруулсан банкны тухай багц хуулийн төсөл дээр Д.Балдан-Очир гишүүний ахалсан ажлын хэсэг ажиллажээ. Ажлын хэсэг хуулийн төслүүдийг хэлэлцээд Төв банкны тухай хуульд 280 гаруй томъёоллоор зарчмын зөрүүтэй санал дэвшүүлсэн байна. Хуулийн төсөлд ийм олон "засвар" орсон нь банкны тухай багц хуулийн төслийг боловсруулсан Засгийн газар, Сангийн яам, Монгол банкныхны хариуцлагагүйнх гэдгийг байнгын хорооны гишүүд хэлж байв. Д.Ганхуяг гишүүн Засгийн газар эдгээр хуулийн төслийг эргүүлэн татаж сайжруулсны дараа дахин өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан.

Д.Балдан-Очир:

-Дээрх санал, шүүмжлэлийг ойлгож байна, УИХ ажлаа цааш явуулахыг бодоод банкны тухай багц хуулийг хэлэлцэхээр зүтгүүлээд байгаа нь ч үнэн. Санхүүгийн хямралтай үед дараалал харгалзахгүйгээр оруулж ирэх асуудал гэдэгт Банкны тухай, Төв банкны тухай хуулийн төслүүд багтаж байсан. Гэвч эдгээр хуулийн төслийг хэлэлцэж амжилгүй өнгөрсөн оны хаврын чуулганыг өндөрлүүлж, одоо намрын чуулган хаалтаа хийх дөхөж байна. Энэ багц хуулийг хэлэлцэж батлах юм бол намрын чуулганы гол ажил болно. Тиймээс I төслийг буцаалгүй хэлэлцэж өгөхийг хүсч байна.

Алейхан:

-Хоёр жил бэлтгэж боловсруулсан хуулийн төсөлд 280 зарчмын зөрүүтэй санал оруулна гэдэг хариуцлагагүйн илрэл. Банкны эрх зүйн орчин хүнд байгааг бид ойлгож байна. Гэхдээ тэглээ гээд ийм хариуцлагагүй хуулийн төсөл хэлэлцмээргүй байна. Татаж авах боломж байна уу?

Т.Очирхүү /Сангийн сайд/:

-Эдгээр хуулийг одоо баталбал банкны салбарт маш сайн байна. Ингэснээр эрх зүйн шинэ зохицуулалт бий болно. Бид цаг хугацааны хүчин зүйлд шахагдаад байна. Банкны тухай хуульд бол санал зөрөлдөж байгаа зүйл байхгүй.

Д.Ганхуяг:

-Банкны тухай багц хуулийг хурдан хэлэлцэж батлах шаардлагатайг бүгд ойлгож байна. Хуулийн төсөл өргөн барьсан байгууллагууд хариуцлагагүй ажилласнаас болж УИХ-ын ажилд хүндрэл учрах ёсгүй. Монгол банкныхан хууль эрх зүйн орчин муу байна гэж байнга ярьдаг. Тэгээд боловсруулж оруулж ирсэн төсөл нь ийм байна шүү дээ.

Г.Батхүү:

-Ийм олон засвартай хуулийн төслийг хэлэлцэх гэж байхын оронд Засгийн газар төслөө татаж аваад тэр олон зарчмын зөрүүтэй саналууд дээрээ тулгуурлаад УИХ-ын гишүүд шинэ хуулийн төсөл санаачлан өргөн баривал дээр. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд ийм санал, шүүмжлэл өрнүүлсэн боловч байнгын хорооны дарга Ц.Баярсайхан дээрх хуулийн төслийн ажлын хэсэгт багтаж ажилласны хувьд төслүүдийг буцааж цаг алдалгүй хэлэлцүүлэх хэрэгтэй байна хэмээн учирласнаар Д.Ганхуяг гишүүн хуулийн төслийг буцаах саналаа татаж авсан юм. Ийнхүү 280 засвартай Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга байнгын хороон дээр бүдрэх шахав. Цаг алдалгүй банкны салбарын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн гишүүд зарчмын зөрүүтэй асуудлуудаар санал хураалт явуулж багц хуулийн төслийг чуулганы хуралдаанд оруулахаар боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.