О.Цогтгэрэл: Монголын өнөөгийн улс төрийн тогтолцоонд эрх барьж буй нам төр болоод хувирчихсан
2023.04.17

О.Цогтгэрэл: Монголын өнөөгийн улс төрийн тогтолцоонд эрх барьж буй нам төр болоод хувирчихсан

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Үндсэн хуулийн асуудал бол чухал. Гишүүдийн тоо зэрэг олон зүйлийг агуулж байгаа учир уг асуудлаар намын Үндэсний бодлогын хороо улс төрийн шийдвэр гаргаж, бүлэгт чиглэл өгөх ёстой.

Ерөнхийлөгчөөс өргөн барьж буй Улс төрийн намын тухай хуульд бид олон санал өгсөн. Зарим санал тусгагдаагүй.

Монголын өнөөгийн улс төрийн тогтолцоонд эрх барьж буй нам төр болоод хувирчихдаг. Төр өөрөө намын нэг дэмжлэг үзүүлэх хэсэг болсон практик өнгөрсөн хугацаанд гүнзгий явж ирсэн. Жишээлбэл, эрх барьж буй намынхаа заавар шийдвэрээр нөгөө улс төрийн намынхаа дотоод үйл ажиллагаа, оршин тогтнох эсэхэд нь нөлөөлж болдог практикийг АН өнгөрсөн хугацаанд туулж өнгөрсөн.

Улс төрийн намын тухай хуульд эдгээр асуудлыг олон зүйл заалтаар хязгаарлах ёстой" гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухайд "Гишүүдийн тоог 152 болгоно гэдэг бол том тоо. Ямар үндэслэлээр гаргасан тоо гэдэг нь тодорхойгүй. Уг асуудлаар дахин сайн ярилцах хэрэгтэй. Тэр тусмаа намын төлөөллийн төв байгууллага шийдвэр гаргах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна" хэмээв.