Сонгинохайрхан дүүргийн ахмадууд дүүргийн удирдлагуудтайгаа уулзлаа
Сонгинохайрхан дүүргийн 43 хороодын ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, цаг үеийн асуудал, дэд бүтэц болон ахмадуудад зориулан цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулж, санал бодлыг нь сонссон юм.
Бид дүүргийн иргэдтэйгээ жилд гурван удаа биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Энэ жилийн хувьд эхний уулзалтаа 3 дугаар сард 43 хороо тус бүрт УИХ-ын гишүүдийн хамтаар хийсэн. Харин өнөөдөр хороо тус бүрийн төлөөлөл болсон ахмадуудыгаа хүлээн авч санал бодлыг нь сонсов.
Өнөөдрийн уулзалтаар дүүргийн ахмадууд өөрсдийн өмнө тулгамдсан асуудлууд, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар тодруулан асуулт асууж байлаа.
Дүүргийн ахмадуудад зориулан “Ахмадад ээлтэй дүүрэг” төслийг 2022 онд баталж, хэрэгжүүлж байна. Түүнчлэн толгойт бүсэд 2022 онд “Ахмадын өргөө”, 2023 онд “Толгойт хөгжлийн төв”-ийг ашиглалтад оруулсан. Тус хоёр төвд ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх шатар, даам, бүжгийн сургалтуудад хамрагдахаас гадна өдрийн эмчилгээ, уламжлалт бариа заслаар үйлчилгээ авч байна.
Мөн Баянхошуу, Төв, Өнөр бүсийн хөгжлийн төвүүдийг үе шаттайгаар байгуулахаар ажиллаж байна. Төвийн бүсийн хөгжлийн төвийг ноднин жил гарааш буулгасан 32-р байрны арын талбайд барихаар төлөвлөж байна. Мөн 13, 26 дугаар хороодод нийслэлийн анхны жишиг өрхийн эмнэлэг барихаар болсон гээд олон бүтээн байгуулалтуудын ажил энэ жил эхлэх гэж байна.
Дүүрэгт хийж буй томоохон ажлуудаас дурдвал:
-Дүүргийн хэмжээнд долоон байршилд 12 хэсэгчилсэн тайлбайд 199,6 га газрыг хамарсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 21 мянга гаруй гэрэлтүүлгийг хийснээр 90-100%-ийн бүрэн гэрэлтүүлэгтэй болсон.
-Дахин төлөвлөлтийн хүрээнд Баянхошуу бүсэд гэр хорооллын дундуур авто замуудыг тавьж ажилласан бөгөөд үргэлжлүүлэн 20 хорооны 28 байршилд 22.6 км авто зам тавихаар төлөвлөн ажиллаж байна.
-25-р хороонд 125 хүүхдийн багтаамжтай эко цэцэрлэгийн барилга угсралт, дотоод заслын ажлууд бүрэн дууссан бөгөөд гадна талын ажил 90 хувьтай үргэлжилж байна.