“Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт олон улсын хурал боллоо
Ардчиллын төлөөх дээд түвшний II уулзалтын хүрээнд БНСУ-ын Засгийн газраас Сөүл хотноо зохион байгуулсан Энэтхэг, Номхон далайн бүсийн “Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт сайд нарын түвшний уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцож байна. Эл уулзалтыг нээж БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль хэлсэн үгэндээ үнэний эсрэг авлигын бүх хэлбэр нь ардчилалд заналхийлж, эрх чөлөөг дарангуйлж буйг тэмдэглээд олон улсын түвшинд авлигатай тэмцэхийн чухлыг онцлов.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлигатай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, “шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил” гэсэн ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлж эхлээд буйг мэдээлэв.
Түүнчлэн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, компанийн засаглалыг ил тод болгох зэрэг зорилтуудын хүрээнд холбогдох хуулиудыг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж буйг мөн тэмдэглэв.
“Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт сайд нарын түвшний уулзалтад БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Хууль зүйн дэд сайд Ли Ну Гун, АНУ-ын Худалдааны сайд (USTR) Катерин Тай, Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсуди, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ерөнхийлөгч Ража Кумар, Авлигатай тэмцэх олон улсын академийн дарга Томас Стелзер, “Транспэрэнси Интернэшнл” байгууллагыг үүсгэн байгуулагч Петр Еиген болон Австрали, Япон, Энэтхэг, Тувалу, Мальдив, Филиппин, Палау, Шинэ Зеланд, Маршалын арлын орнуудын төлөөлөгчид оролцож, авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх цаашдын арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.
МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАРЫН Ардчиллын төлөөх Дээд түвшний хоёрдугаар уулзалт (Summit for Democracy 2023)-Д ХЭЛСЭН ҮГ
Авлига нь өнөөдөр дэлхийн аль ч улс, оронд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай нийгмийн сөрөг үзэгдэлд тооцогдож байгаа билээ. Дэлхийн улс үндэстнүүдийн түүх, хэл соёл, зан заншил, эрх зүйн хэм хэмжээ өөр хоорондоо харилцан адилгүй учраас авлигатай тэмцэх талаар дэлхийн нийтээр нэгдсэн загвар гарган авахад хүндрэлтэй байна. Иймд улс орнууд энэхүү авлига хэмээх үзэгдлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, түүнтэй тэмцэхэд чиглэсэн арга замыг өөрийн улсын онцлогт тааруулан авч хэрэгжүүлж, харилцан сайн туршлагаа солилцож байгаад баяртай байгаагаа илэрхийлье.
Авлига, хээл хахууль нь тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад саад учруулахын сацуу улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, шамшигдуулах, хулгайлах үйлдэл нь ард иргэдийг хамгаалах, хууль дээдлэх ёсыг сахиулах, эрүүл мэнд, боловсрол зэрэг холбогдох чиг үүрэг бүхий байгууллагуудыг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг хязгаарлах гол хүчин зүйл болж байна.
Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх чиглэлээр шат дараатай, эрчимтэй арга хэмжээнүүдийг авч байгаа хэдий ч урт хугацаанд үргэлжилсэн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэхэд бид шинэ сорилтуудтай тулгараад байна. Авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодорхой болгох, нийгэм, эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж, авлигатай үл эвлэрэх, үл тэвчих хандлагыг олон нийтийн дэмжлэг, оролцоотойгоор төлөвшүүлэн бүх шатанд авлигыг таслан зогсоосны үндсэн дээр хүний эрхийг ханган нийтийн эрх ашгийг хамгаалж, хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлж эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан.
Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх таван үйл ажиллагаа буюу “шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил” гэсэн ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлж эхлээд байна.
Мөн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар, тэр дундаа цахим мэдээллийн аюулгүй байдлын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Цахимын багц хууль буюу Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Эдгээр багц хууль хэрэгжиж эхэлснээр баримт бичгийг цахимжуулах, төрөөс нээлттэй байлгах мэдээллийг нэмэгдүүлэх замаар төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн юм.
Төрийн өмчит компанийн засаглалыг ил тод болгох үүднээс Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьсан. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуульд төр болон орон нутаг зөвхөн тооцоо, судалгааны үндсэн дээр тодорхой салбарт эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөлийг бүрдүүлж, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбаруудад төр оролцохгүйгээр үйл ажиллагаа явуулах зохицуулалтыг тусгаж өгсөн.
Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Уг хууль батлагдсанаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлж, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх нөхцөл бүрдэх болно.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндөж, энэ бүлгийн зарим төрлийн гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, оногдуулах ялын бодлогыг чангатгах, энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлэхгүй байх зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг 2022 онд УИХ-аас баталсан.
Эдгээр хуулийн төслүүдийн хүрээнд эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр дэлхийн бусад улсын сайн туршлагаас суралцах, энэ хүрээнд хамтарч ажиллахыг эрмэлзэж байна.
Дээр дурдсан ажлын үр дүнд богино хугацаанд шууд илрэхгүй боловч эдийн засгийн суурь үзүүлэлт сайжирч, шударга, хүний эрхийг дээдэлсэн, нийгэмд ёс суртахуунлаг хандлага төлөвшсөн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжихөд шийдвэрлэх гол алхам болно гэдэгт итгэлтэй байна.
Цаашлаад манай Засгийн газраас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хэрэгжүүлж байгаа оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд энэ хүрээнд Та бүхнээс дэмжлэг хүсэж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn