“Хүнсний хангамж, аюулгүй байдал- хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран “Хүнсний хангамж, аюулгүй байдал-хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд /2023.03.28/ зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Ш.Адьшаа, Б.Бейсен, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон холбогдох салбарын яам, агентлаг, төрийн, төрийн бус байгууллагын холбогдох албан тушаалтан, эрдэмтэн судлаачид, баялаг бүтээгчид, малчид тариаланчдын төлөөлөл зэрэг нийт 70 гаруй хүн оролцсон юм.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн.Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг дэмжин “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд таван зорилт, 41 үйл ажиллагааны чиглэл, 116 хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг төсөвлөсөн. Үүнээс 2023 онд 223,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд энэ зардлыг хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбар болон мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарт зориулахаар тусгасныг тэмдэглээд Хүнсний хангамж, аюулгүй байдлын хууль эрх, зүйн орчныг боловсронгуй болгох, Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгасан хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэхээс өмнө төсөлд тусгах оновчтой санал, зөвлөмжийг авахаар уг хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг онцолсон.
Мөн тэрбээр, Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг орчныг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хууль, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Энэ хүрээнд Байнгын хороо идэвх санаачлагатай, манлайлан ажиллаж буйг дурдлаа.Монгол Улсад нийт 188 мянга гаруй малчин өрх байгаа бөгөөд малын тэжээлийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлж, шимт чанарыг сайжруулах, тооноос чанарт шилжүүлэх, биотехнологийн ололт, инновацыг нэвтрүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, сүргийн зохист бүтцийг бүрдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, органик түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экологид ээлтэй, бүтээмж өндөртэй, эрсдэл даах чадвартай, тогтвортой эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн шинэчлэл үгүйлэгдэж байгааг Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Түүнчлэн Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулж, байгаль, цаг агаарын гэнэтийн эрсдэлээс үүдэн гарах эдийн засгийн хохирлыг бууруулах, тариалангийн болон давхар даатгалын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, тухайн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон, баталгаатай сортын үрээр тариалалт хийх, дотоодын хэрэгцээг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах болно.