Израилын Ерөнхийлөгч шүүхийн шинэчлэлийг зогсоохыг уриалжээ
2023.03.28

Израилын Ерөнхийлөгч шүүхийн шинэчлэлийг зогсоохыг уриалжээ

Израилын Ерөнхийлөгч Исаак Херцог орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргээд буй маргаан дагуулсан шүүхийн шинэчлэлийг зогсоохыг Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Засгийн газарт даваа гарагт уриалжээ.

Б.Нетаньяху Батлан хамгаалахын сайд Йоав Галантыг шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэнийх нь дараа огцруулснаас нэг хоногийн дараа дээрх уриалгыг гаргаж байна. Й.Галантыг огцруулсны дараа жагсагчдын уур хилэн улам ихсэж, олон арван мянган иргэн гудамжинд жагсжээ.

“Израилын ард түмний нэрийн өмнөөс хариуцлагатай байх үүднээс миний бие та бүхэнд хууль тогтоох үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалж байна” гэж И.Херцог “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.

Б.Нетаньяху яаралтай хуралдаан хийв

Б.Нетаньяхуг эсэргүүцсэн жагсаал улам ширүүсэж байгаа үед түүний Ликуд намын сайд нар шинэчлэлийг зогсооход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Ерөнхий сайд ням гаргийн орой Хууль зүйн сайд Ярив Левин, Сангийн сайд Бецалель Смотрич, Стратегийн асуудал эрхэлсэн сайд Рон Дермер, Боловсролын сайд Йоав Киш нарыг оролцуулсан яаралтай хуралдаан зарласан талаар “The Jerusalem Post” сонин мэдээлжээ.

Р.Дермер, Й.Киш нар Ерөнхий сайдад хуулийг царцаахыг зөвлөсөн гэж сонинд бичсэн байна. Харин Я.Левин Засгийн газрыг төлөвлөгөөндөө тууштай байхыг уриалж, огцорно хэмээн сүрдүүлсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Б.Нетаньяхугийн ойр дотны итгэлт нэгэн гэгддэг Соёлын сайд Мики Зохарын хувьд, хэрвээ шүүхийн шинэчлэлийг түр зогсоох шийдвэр гаргавал нам нь түүнийг дэмжинэ гэж хэлжээ.

Даваа гаргийн өглөө Израилын “Channel 12” телевиз Б.Нетаньяху хуулийн төсөлд санал хураалт явуулах хугацааг хойшлуулж магадгүй гэж мэдээлсэн байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn