Францын ерөнхийлөгч телевизийн ярилцлагын үеэр зүүсэн цагаа нуугаад шүүмжлүүлжээ
Энэ үеэр тэр бугуйдаа зүүсэн цагийг тайлж, нуусан нь хүмүүсийн анхааралд өртөж ширүүн шүүмжлүүлсэн байна.
Макрон тус улсын тэтгэврийн насыг 62-оос 64 болгон өсгөх шийдвэр гаргасан нь Франц даяар бослого тэмцэл, үймээн самуун дэгдэхэд хүргээд байгаа.
Макрон ярих зуураа гараа ширээн доогуур оруулж, дахин ил гаргахад бугуйд зүүсэн цаг нь алга болсон байжээ.
Үүнийг түүний хэвлэлийн төлөөлөгч “цаг ширээг цохиод байсан тул” тайлсан гэж тайлбарласан юм.
Харин зарим хүмүүс түүнийг нийгэм эмзэг байгаа энэ үед тансаг хэрэглээгээ олон нийтээс нуух гэсэн оролдлого гэж үзэж байна.
Макрон ямар үнэтэй цаг зүүж байсан талаар маргаан францчуудын дунд өрнөжээ. Зарим хүмүүс цагны үнийг 80,000 евро гэж мэдээлсэн байна.
Харин Элисейн ордноос гаргасан мэдэгдэлд Макрон өөрийн хувийн таних тэмдгийг нэмж оруулсан Bell & Ross фирмийн BR V1-92 загварын цаг зүүсэн байсныг баталжээ.
Ийм цаг ямар нэг хувийн өөрчлөлт захиалж хийлгээгүй тохиолдолд 1,660-3,300 еврогийн үнэтэй байдаг гэнэ.
Макрон энэ цагийг сүүлийн жил хагасын хугацаанд зүүж байгааг Элисейн ордон бас мэдээлжээ.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макроныг бизнесийнхэн, хөрөнгө чинээтэй нийгмийн давхаргыг дэмждэг гэж өрсөлдөгчид нь шүүмжилдэг.
Хоёрдугаар сард тэр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безост улсынхаа хамгийн дээд одонг гардуулаад шүүмжлүүлж байв.
Энэ долоо хоногийн Ням гарагт Франц улсад хүрэлцэн ирэх байсан Их Британийн хаан Чарльз тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой үймээн самууны улмаас айлчлалаа хойшлуулж буйг өчигдөр зарласан юм.
Энэ нь түүний хаан ширээнд заларснаас хойших анхны гадаад айлчлал байжээ.
Тэтгэврийн насыг хойшлуулах шийдвэрийг эсэргүүцсэн ажил хаялтууд Францын зам тээвэр, боловсрол, газрын тосны зэрэг салбаруудыг хамраад байна.
Макрон тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөхөд зайлшгүй шаардлагатай гэж шийдвэрээ тайлбарлаж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn