2023.03.27
Он гарснаас хойш 1398 хүнд 143.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
Өнөөдөр Барилга хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан боллоо. Энэ үеэр яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд 14 хоногт хийсэн ажлаа танилцууллаа.
Тодруулбал он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлж, нийт 1398 зээлдэгчид 143.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх хүрээнд Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан Ажлын хэсэг байгуулж, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг Засгийн газарт шилжүүлэх Засгын газрын тогтоолын төслийг бэлтгэж байгаа аж.
Үүнээс гадна дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд
- Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай, төвлөрсөн бус инженерийн хангамж бүхий орон сууц, технологийг танилцуулж, хэрэглээг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор Дэнжийн 100-д байрлах Хайбрид хаустай танилцав.
- Улаанбаатар хотын гэр хорооллын инженерийн дэд бүтцийн хангамжийн хүрэлцээгүй байдал, төвлөрсөн шугам сүлжээний дутагдалтай хэсгийг сэргээгдэх эрчим хүчний холимог эх үүсвэрээр хангах чиглэлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран дэвшилтэт технологийг ашигласан жишиг төсөл боловсруулж, гэр хорооллын сонгосон байршилд хэрэгжүүлэхээр харилцан тохирлоо.
- Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-импортын банк болон Сөүлийн Үндэсний Их Сургууль, "Хан-а" хот төлөвлөлтийн хүрээлэнтэй хамтран “Орлогод нийцсэн түрээсийн орон сууц хөгжүүлэх стратеги боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх тэмдэглэлд гарын үсэг зурж, гарааны уулзалтыг зохион байгуулав.
- БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих Орхоны хөндийн шинэ Хархорум хотын ТЭЗҮ боловсруулах төслийн Солонгосын багтай хийх техникийн уулзалт, мэдээлэл судалгаа, газар дээр нь очих ажлын бэлтгэлийг хангав.
- “Монгол улсын иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг 2023 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан
- Газрын багц хуулийн төсөлд олон нийтээс өгсөн 3700 гаруй саналыг нэгтгэн томъёолж тусгах ажлыг ГЗБГЗЗГ-тай хамтран зохион байгуулав.
- Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг шинэчлэх судалгааны ажлын хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд оролцогч зураг төслийн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал авав.
- Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний зохицуулалт, Хаягжуулалтын хуулийн төслийг тус тус боловсруулан ажиллаж байна.
- “Сэлбэ сэргэлт” төслийн зураг төсөл боловсруулах ажлын үнийн тооцоолол болон зургийн даалгаврын төслийг нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж байна.
- “Ногоон нуур - 1008 айлын орон сууцны төсөл”-ийн нэгж, Ерөнхий гүйцэтгэгчидтэй барилгын ажлын бэлтгэл, материалын татан авалт, ажил гүйцэтгэх төлөвлөгөөний талаар хэлэлцэв.
- Арматурын чанар аюулгүй байдлын шалгалтыг зохион байгуулж, лабораторийн шинжилгээний харьцуулсан дүнг гаргуулахаар хүлээж байгаа аж.