2023.03.24

Б.Баттөмөр: Өндөр хөгжсөн улсуудтай хамтран хамтарсан эмнэлэг байгуулах боломж бий юу

УИХ-ын чуулганы /2023,03,24/-ны өдрийн  үдээс хойших хуралдаанаар Хувийн хэвшлийн болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Монгол улсын хүн ам 1990 онд 2.2 сая байсан. Өнөөдөр 3.4 сая боллоо. 2050 онд 5.4 сая болно гэж буй. Хүн цөөн байх нь давуу талтай ч мөн сул талтай. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хийхдээ хүртээмж, чанар, шинжлэх ухааны ололт, тогтолцооны өөрчлөлтүүдийг хийхээс гадна амьдралын зөв дадал хэвшилтэй иргэнийг төлөвшүүлэх асуудал хамт явж үр дүнд хүрнэ.

Эрүүл мэндийн салбарын ажил, үйлчилгээ муу байна. Яагаад ийм байна вэ гэхээр эдийн засгаар баталгаажаагүй. Өөрөөр хэлбэл хүмүүсийн амьдралын чанар муу, цалин бага, улсын төсөв нь мөнгө багатай хуримтлалгүй байна. Эдийн засгаар баталгаажаагүй алив зүйл амин сүнсгүй байдаг.

Авлигын улмаас үүссэн хөрөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулъя гэдгийг бүгдээрээ дэмжих ёстой. Дээрээс нь архи, тамхины онцгой албан татварыг ээнэ салбарт зарцуулах ёстой. Хөгжил гэдэг хүний хөгжил. Хүнд хоёр зүйлд хөрөнгө оруулна. Нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаарт боловсролд нь. Тиймээс эрүүл мэндийн санхүүжилтийг анхаарах хэрэгтэй.

Эрүүл мэндийн үйлчилгээнд даатгалын тогтолцоо, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон хувь хүний санхүүжилт гэсэн гурван зүйл зөв явах хэрэгтэй. Тиймээс эрс шинэчлэл хэрэгтэй. Шинжлэх ухааны ололт энэ салбарт маш эрчимтэй явж буй. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар нас барсан хүмүүсийг ар гэртэй нь уулзуулж байна. Ийм хүчтэй хөгжиж байна.

Эмийн чанарын асуудалд анхаарах хэрэгтэй. Даралт ихтэй хүн даралтны эм уугаад харваж байна. Эмнийхээ асуудлыг хувьд өгчихсөн. Үүнд ямар бодлого баримтлах вэ?

Нас баралтаар зүрх судас, хавдар, гэмтэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын тогтолцооны өвчнүүд тэргүүлж байна. Энэ асуудалд БНСУ, Япон зэрэг улстай хамтран ажиллаж болох уу? Хамтарсан эмнэлэг байгуулах боломж, бололцоо байна уу?  

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариуллаа.