Ойн өдрийг “Эрүүл ой-Эрүүл хүн” уриан дор тэмдэглэнэ
Дэлхийн ойн өдрийг энэ жил “Эрүүл ой-Эрүүл хүн” уриан дор тэмдэглэнэ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны 12 дугаар сарын 28-ны тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг олон улсын ой модоо хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан байдаг. Энэ өдөр ойн олон талт ач холбогдлыг нийтэд, нийгэмд ойлгуулан сурталчлан таниулах зорилгоор жил бүр дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай.
Ойн өдрийг угтан “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний 6 дугаар хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Хурлыг нээж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ, "ойгоо алдсанаар хөрсөө, хөрсөө алдсанаар мөнх цэвдэгээ, мөнх цэвдэгээ алдсанаар газрын гүний цэвэр усаа алдаж байна. Дэлхий дахинд цэвэр усны хомсдол бий болоод буй цаг үед бид цэвэр усаараа машин, гудамж талбай, цонхоо угаасаар байгаа нь харамсалтай. Үүнд тодорхой шийдэл хэрэгтэй байгаа"-г дурдаад, “Өнгөрсөн 80 жил манай орны цаг агаар 2.25 хэмээр дулаарсан. Энэ янзаар байвал ирээдүйд 4-4.5 хэмээр дулаарах нөхцөл байдал бий болоод байна. Иймд өдөр бүр ойн өдөр гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тариад өнгөрөх бус, уур амьсгалын өөрчлөлтийг олон нийтэд ойлгуулахыг зорьсон” гэдгийг онцолсон юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг багасгах, үүнтэй уялдуулан ойн салбарт учирч буй сорилт, байгаль орчныг хамгаалах, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага нь аль хэдийн үүсээд байгаа. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан нь ойн салбарт маш их түлхэц өгсөн билээ.
Манай улс НҮБ-ын ХХААБ, ГОУХАН, Европын холбоотой ойн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах, БНСУ-тай хамтарсан “Ногоон хэрэм” төслийг үргэлжлүүлэх, аймгуудад мод үржүүлгийн газар сургалтын төв, дэд бүтцийн суурийг бий болгох, шууд хөрөнгө оруулалтаас гадна тоног төхөөрөмжийн дэмжлэг, хүний нөөцийг бэлтгэх зэргээр олон хамтрагч талтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.
Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд хатагтай Аксель Никэйз ойн чиглэлээр хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаараа ярихдаа, “Ойн түншлэлийн баримт бичгийн хүрээнд хамтран ажиллаж, ирэх 6 дугаар сард хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө гаргана. Улс төрийн болон техникийн түвшинд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Энэ санамж бичиг нь зөвхөн ой хамгаалах тухай бус, зөв бодлогоор зөв менежмент хийж, ойг эдийн засгийн эргэлтэд оруулахад хамтран ажиллах тухай юм. Ойн түншлэлээс гадна ойн салбарын хамтын ажиллагааг чухалчилж, энэ салбарт 10-12 сая ам.долларын хөрөнгө оруулж, 2027 он хүртэл хамтран ажиллана” гэлээ.
Ой нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 40 хувийг шингээдэг. Ой хамгаалах, нөхөн сэргээхэд хөгжингүй улс орнууд 12 тэрбум, хувийн компаниуд 7 тэрбум гээд нийт 19 тэрбум ам.долларыг 2030 он гэхэд зарцуулахаар амласан байдгийг “Ололт” хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч Б.Чулуунхүү тэмдэглэж байв.
Ойн асуудлыг олны анхааралд хүргэх, төрийн болон ТББ, аймаг, нийслэлийн БОГ, салбарын мэргэжлийн байгууллага, их дээд сургууль, эрдэмтэн судлаач, оюутан сурагчид, ойн мод ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр гээд 200 гаруй төлөөлөл өнөөдөр цуглаж, цаашдын үйл ажиллагааг тодорхойлох, урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхээр салбарын шинэчлэл, орчны бохирдол-ногоон байгууламж-эрүүл мэнд, уур амьсгалын дулааралд ойн өртөх байдал, ирээдүйн төлөв, таримал моддын биомасс, хөрсний нүүрстөрөгчийн хуримтлал шингээлт, Монгол орны ойн бүтээгдэхүүний нэмүү өртгийн дүн шинжилгээ зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэг өрнүүлж байна.