“Их хотын бүсгүйчүүд 2023” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Эх орон, их хотын хөгжил, ирээдүй болсон залуу хойч үеийн хүмүүжил, боловсролд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулахаар НЗДТГ-аас “Их хотын бүсгүйчүүд 2023” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өдгөө дөрөв дэх жилдээ болж буй энэхүү арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.
Арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нээж үг хэллээ.
Тэрбээр “Монгол эмэгтэйчүүд спорт, урлаг, бизнес, нийгэм, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л салбарт тэргүүлж буй. Тухайлбал, нийслэл хотод хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэдийн 48 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ нь хотын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо эрчүүдтэй эн тэнцүү байгааг илтгэж байгаа юм. Нийгэм, эрүүл мэнд, боловсрол, бизнес гээд эмэгтэй хүний зүтгэл, оролцоогүй хөгжиж байгаа салбар хаана ч үгүй билээ. Та бүхнээрээ Улаанбаатар хотын иргэд бахархдаг гэдгийг энд онцгойлон дурдмаар байна” хэмээв.
Ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ түүчээлэн нийгэмдээ үнэ цэн бүтээж, үлгэр дуурайлал үзүүлж буй салбар салбарын шилдгүүдийг мөн энэ үеэр шалгарууллаа. Тодруулбал:
- “Энхийн төлөө” номинацид Г.Болор;
- “Нийгмийн салбарын шилдэг” номинацид Г. Энхмөрөн;
- “Бизнесийн салбарын шилдэг” номинацид Ч. Ганцэцэг;
- “Спортын салбарын шилдэг” номинацид О.Саранхүү;
- “Боловсролын салбар шилдэг” номинацид Н.Оюунчимэг;
- “Эрүүл мэндийн салбар шилдэг” номинацид Л.Арьяасүрэн;
- “Алдарт эх" номинацид Б.Бадамханд;
- “Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг” номинацид Б.Энхцэцэг;
- “Соёл урлагийн салбарын шилдэг” номинацид Б.Батцэцэглэн нар тодров.
“Их Хотын Бүсгүйчүүд 2023” хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, дуучин Х.Лхагвасүрэн, “Нюанс” хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид оролцож, хүрэлцэн ирсэн бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлэн ая дуугаа өргөсөн юм.