Улсын тусгай хэрэгцээнд 496 га газрыг авахыг дэмжив
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. Засгийн гарын 2022 оны 51 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумын нутаг дэвсгэрт баригдах “Богдхан төмөр зам” төслийн төмөр замын шугамын чигийг баталсан.
Уг тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон давхацсан газрыг чөлөөлөх, шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Богдхан төмөр замын чигийн дагуух нийт зурвас газрын хэмжээ 974.5 га талбай бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хамаарах хэсэг нь 496 га. Иймд Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс чигийн дагуух 496 га газрын улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулсан юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов.
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ
Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын аманд орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны корпораци /НОСК/ ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцуулав.
Тус төслийг нийслэлийн төв цэгээс 17.4 км-ийн зайд хэрэгжүүлэх бөгөөд цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны шугамыг 2007-2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хийжээ. Орлогод нийцсэн орон сууцны дээрх төсөлд “Сайхан төмөрт” ХХК шалгарч, сонгогдсон талбарт өөрийн хөрөнгөөр орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 28 блок нийт 1764 айлын орон сууц, 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төвийн зургаан барилга барих санал ирүүлжээ. Төсөл 2023-2028 онд хэрэгжих юм.
Зөвлөлийн хурлаар орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан “Сайхан төмөрт” ХХК-тай “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах” гэрээг байгуулж, цаашид талууд хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг НОСК-д олголоо.
Нийслэлд хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөлөө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцууллаа.
Уг төлөвлөгөөг хүн амын гол нэрийн 19 бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг үндэслэн, тооцоо судалгаа хийж боловсруулсан бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний боловсруулах үйлдвэрлэл зэрэг таван чиглэлд 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлд хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, өвлийн хүлэмжийн аж ахуйг 20 га-гаар нэмэгдүүлэх, зуны хүлэмжийн аж ахуй байгуулахад лизингийн тогтолцоо бий болгож, хүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэснээр дотоодын үйлдвэрлэлийг 7 мянган тонноор нэмэгдүүлэх тооцоо хийсэн байна. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс, жимсгэнэ тариалсан талбайг 100 га-гаар нэмэгдүүлж, Жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд төмс, хүнсний ногооны 95 мянган тонн багтаамжтай энгийн болон автомат механикжсан агуулах, зоорь байгаа бөгөөд 74 хувийг нь ашиглаж байна. Үлдсэн 26 хувийг ашиглах боломжгүй болжээ. Иймээс хагас болон бүрэн автомат механикжсан агуулахыг 20 мянган тонгоор нэмэгдүүлэх шаардлагатай гэж тооцон, төлөвлөгөөнд тусгасан аж. Түүнчлэн хөрсний шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 200 га талбайг бордох бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлэх, тухайн жилд худалдан авсан техникт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж, төмсний үйлдвэрлэлийн механикжуулалтыг 90, хүнсний ногооны механикжуулалтыг 80 хувьд хүргэх зорилт тавьжээ.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлд зургаан үйл ажиллагааны хүрээнд 18 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Улаанбаатар хотын хүн амын өндөгний хэрэгцээг 100 хувь хангахын тулд одоо байгаа аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар үйлдвэрийн хүчин чадлыг 100 хувь ашиглана. Мөн нийслэлийн мал аж ахуй эрхэлж буй дүүрэг, хороодыг өвчингүй бүс нутаг болгохоор тандалт судалгаа хийж, мал амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зэрэг олон ажил төлөвлөжээ.
Зөвлөлийн гишүүд дээрх төлөвлөгөөг дэмжиж, хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын зээл, тусламжид хамрагдах чиглэлд санаачилгатай байж, хэрэглэгчдэд хүрсэн ажлуудыг хийх хэрэгтэй гэдгийг онцолж байв.
Хотын 20 стандартыг НИТХ-аар хэлэлцэнэ
Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хот стандарттай байхаар тусгасан. Энэ дагуу өнгөрсөн онд есөн бүлгийн 38 хотын стандартыг НИТХ-аар батлуулж, өнгөрсөн аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм.
Харин хоёрдугаар ээлжийн долоон бүлгийн 20 стандартын төсөлд иргэдээс цахимаар, нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудаас албан бичгээр санал авч, тусгажээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 21 агентлаг, 260 харьяа байгууллага, мэргэжлийн байгууллагаас санал ирүүлсэн байна. Иргэдээс давхардсан тоогоор 15,325 санал ирснээс 11,551 хүн дэмжиж, ерөнхий 4732, техникийн 430 санал өгчээ. Нийт санал өгсөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын 37.6 хувийг төрийн байгууллага, 62 хувийг иргэд, үлдсэн 0.4 хувийг нь хувийн хэвшлийн байгууллагын ажилчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид эзэлж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Улаанбаатар хот стандартуудаа баталж, мөрдлөг болгоод явж байгаа нь сайшаалтай. Хот, нийтийн аж ахуйн чиглэлд эхний стандартууд гарч, үйл ажиллагаанд нэвтрүүлж, стандартад нийцүүлэх ажлуудыг хийж байна. Хотын стандартад тавих хяналтыг иргэд хийнэ. Тиймээс иргэдэд стандартын ойлголтыг сайн өгөх хэрэгтэй” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Стандартаа иргэдэд хүргэхэд анхаарах хэрэгтэй байна. Хурал, зөвлөгөөн хийгээд өнгөрдөггүй байх хэрэгтэй. Хотын стандарт гэж юу болох, хэрхэн дагаж мөрдөх талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Стандартыг ойлгохгүйгээр мөрдөх боломжгүй” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хотын стандарт батлагдсанаар бүтээн байгуулалтын ажлууд чанартай, үр ашигтай болж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Өмнөх стандартуудын хувьд сонгож хэрэглэдэг, хэн хяналт тавих нь тодорхойгүй байсан. Харин хотын стандарт заавал мөрдөх, хэрэгжилтэд Хотын стандарт, хяналтын газар хяналт тавих боломжтой болсон. Стандартууд мөн үнэгүй, ил байгаа” хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хотын стандарт ойлгомжтой бөгөөд тухайн бүтээн байгуулалтыг чанартай байхад чухал үүрэгтэй. Тэрнээс иргэд, аж ахуйн нэгжид дарамт болж болохгүй. Өмнөх стандартуудын тухайд алийг нь хэрэгжүүлэх, хэрхэн хэрэгжүүлэх зэрэг нь тодорхойгүй байсан. Харин шинэ стандартууд ойлгомжтой болсон” гэдгийг онцоллоо.
Хотын долоон бүлгийн 20 стандартыг зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжиж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn