Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны дарга Ж.Ядамсүрэнг хотын архивын 25 дахь хувийн хөмрөг үүсгэгчээр бүртгэлээ
2022.12.05

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны дарга Ж.Ядамсүрэнг хотын архивын 25 дахь хувийн хөмрөг үүсгэгчээр бүртгэлээ

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү нар өнөөдөр нийслэлийн төрийн архивт хувийн хөмрөг үүсгэж байгаа төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны дарга Ж.Ядамсүрэнг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

2022 онд нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ой тохиосонтой холбогдуулан хотын архивын 25 дахь хувийн хөмрөг үүсгэгчээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны дарга Ж.Ядамсүрэнг бүртгэж, батламж гардуулав. Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор, Ж.Ядамсүрэнгийн бичсэн ном, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, хэлсэн үг, дурсамжууд, эрдмийн зэргийн ажлын шүүмжүүд, Нутгийн удирдлагын холбооны үзэл баримтлалыг боловсруулсан баримт бичиг, Монгол Улсын Их Хуралд тавьсан тайлан, орчуулга, улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн намтар цадиг зэрэг нийт 9 нэр төрлийн 286 түүх, эрдэм шинжилгээ, судалгааны ач холбогдолтой баримтуудыг Нийслэлийн архивын газар хүлээн авчээ.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон Нийслэлийн архивын газарт хандан “Цаг хугацаа өнгөрч байгаа ч үе үеийн архивын баримт, өмнөх үеийнхний үйл хэрэг, бүтээл архивт үлддэг гэдгийг олон нийтэд сурталчилж, иргэд архивын байгууллагаас өөрсдийн болон улс нийслэлийн түүхтэй холбоотой баримт материал авч, танилцдаг байх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.