Халиа тошин үүсдэг байршлуудад шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна
Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өгөв. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 87 хувьтай байгааг мөн үеэр танилцууллаа.
Тухайлбал, халиа тошин үүсдэг байршлуудад хяналт, шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойт орчим, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын гуравдугаар суваг зэрэг байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас баг ажиллаж, 2750 шоо метр мөсөнд суваг гаргаж, 150 шоо метр мөсийг зөөж тээвэрлэснээс гадна шороон хаалт хийсэн байна.
Мөн нийтийн эзэмшлийн гудамж, замын эгнээ тусгаарлах хайс, хашлага засварлаж, бүрэн бүтэн байдлыг хангаж, угааж цэвэрлэх чиглэлээр 16 байршилд 7270 метр гаруй урт хайсыг цэвэрлэжээ. Түүнчлэн халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээнд 13,645 байгууллага, 37,290 хүн оролцож, нийт 2.5 сая ам метр талбайн цас, мөсийг арилгаж, 736.4 тонн хог хаягдал цэвэрлэжээ.
208 тонн бодис, 173 тонн давс цацлаа
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч нийтийн үйлчилгээний мэдээллийг танилцууллаа. Өнгөрөгч 14 хоногийн байдлаар тус төвд нийт 1133 дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс бүртгэгдсэн гомдлын тоо 112, зөвлөгөө мэдээлэл өгсөн 645, бүрэлдэхүүн байгууллагуудын мэдээлэл 466, зохицуулалт хийсэн ажил долоо, олон нийтийн сүлжээгээр ирсэн гурван гомдол байсныг тэрбээр танилцууллаа.
Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.18 хувиар, өнгөрсөн 14 хоногийн байдалтай харьцуулахад 23.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байжээ. Мөн хугацаанд технологийн 13 удаагийн зөрчил бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд 36 тонн бодис 42.5 тонн давс, 50 тонн дайрга татан авч, 208 тонн бодис, 173 тонн давс, 75 тонн дайрга зарцуулсан байна.
Гэр хорооллын гудамж, замыг цэвэрлэхэд анхаарна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, газар нэгжүүдийн уялдааг хангахад анхаарч ажиллах, мөн төв магистрал гудамж, замаас гадна гэр хорооллын гудамж, зам, талбайн цэвэрлэгээнд анхаарахыг онцоллоо. Мөн нийслэлийн нийтийн эзэмшлийн орон сууц, гэр хорооллын дагуух зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байв.
Түүнээс гадна хүйтний эрч сулрах болоогүй, дахин цас орж хүйтрэх төлөвтэй байгаа тул халтиргаа, гулгаанаас сэргийлэх давс бодисын татан авалт, нөөц бүрдүүлэхэд анхаарах шаардлагатайг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг зөвлөгөөний үеэр хэллээ.
Өөрийн хөрөнгөөр тохижилт, ногоон байгууламж хийсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах хөшүүргийг бий болгоно
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал,
- Халиа тошин ихээр үүсэж буй байршлуудад дүүргүүдийн удирдлага ГУББГ-тай уялдаж, хүн хүч, машин техникийн нэмэлт дэмжлэг үзүүлж, хүндрэхээс урьдчилан сэргийлэх, айл өрхөд, эд хөрөнгөд хүндрэл, хохирол үүсэхээс сэргийлсэн зохицуулалтуудыг шуурхай хийх.
- Засварлах, сэргээн шинэчлэх, өнгө үзэмжийг сайжруулах шаардлагатай авто замын болон явган замын эгнээ тусгаарлах хайсны үзлэг судалгаа хийж, зайлшгүй шинээр хийх байршлуудын судалгааг хийх.
- Дүүргийн нутаг дэвсгэртээ хог тээвэрлэлт хариуцах гэрээт байгууллагуудыг хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж, гудамж замыг эзэнжүүлэх, явц, үр дүнг тухай бүр мэдээлж ажиллах.
- Хогийг эх үүсвэр дээр ангилан ялгах, улмаар тээвэрлэх үйл ажиллагаанд үр дүнд чиглэсэн менежмент хэрэгжүүлэх.
- Дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, Хог тээврийн байгууллагатай “Хог тээврийн гэрээ”-г байгуулахдаа “Хог хаягдлын тухай” хуулийн “9.4.12. нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох” заалтыг удирдлага болгож, аж ахуйн нэгжийн орчны 50 метр хүртэлх зам талбайн зураглалыг хийлгэж, эзэнжүүлэх, улмаар мэдээллийн сан байгуулах ажлыг зохион байгуулах.
- Өөрийн хөрөнгөөр тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлсэн, хөрөнгө оруулалт хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнаж урамшуулах хөшүүрэг бий болгох эрх зүйн орчныг тодорхой болгох хүрээнд журам боловсруулах.
- Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг эрчимжүүлэх.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай” захирамжаар баталсан байршлуудад мах, цагаан идээний болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоолны хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллах зэрэг үүрэг, даалгавар өгсөн юм.